ӨМНӨГОВЬ: ЖДҮ-ийн зээлээр 100 ажлын байрыг хадгалж, шинээр 230 гаруй ажлын байрыг нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-30 13:09:07

Даланзадгад /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг ЖДҮ-ийг хөгжүүлэх зорилгоор жил бүр 5 тэрбум төгрөгийг төсөвлөдөг.

 

Энэхүү төслийг үр дүнтэй хэрэгжүүлснээр ЖДҮ эрхлэгчдийг дэмжин, орон нутгийн баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, өрсөлдөх чадварыг болон уул уурхайн ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах зэрэг ач холбогдолтой.

Өмнөговь аймгийн хэмжээнд 2022 онд хэрэгжсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлд 30 гаруй аж ахуй нэгж байгууллага хамрагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн төслөө хэрэгжүүллээ. Үүнээс 12 аж ахуйн нэгж нь хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Харин энэ чиглэлээр дахин нэг аж ахуйн нэгж нэмэгдлээ. Тодруулбал “Их Энгүмэл” ХХК төслийн зээлд хамрагдсан бөгөөд өвлийн хүлэмжийн чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн нээлтээ хийж байна.

 

Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ

 Өмнөговь аймаг ЖДҮ-ийн зээлээр дахин нэг өвлийн хүлэмжээр хүнсний ногоо тариалдаг аж ахуйн нэгж байгууллагаар бүл нэмж байна. Энэхүү ААН 2 дугаар сард үйл ажиллагаа нь жигдрээд өргөст хэмхээ хурааж Өмнөговь аймгийн хэрэглэгчдэдээ борлуулаад эхэлсэн. Бусад нарийн ногоо тариалалт жигд сайн явагдаж байна.  

Аймгийн хэмжээнд жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин төсөл зээлд хамруулснаар 100 ажлын байрыг тогтвортой хадгалж, 230 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүлсэн. Ийм л үр өгөөжтэй ажиллаж байна. Энэ жилийн хувьд мөн 5 тэрбум төгрөгийг батлуулан ЖДҮ-ийн газар, ХХААХҮЯ, Өмнөговь аймаг хамтран ажиллах гэрээ байгуулж, төслөө сонгон шалгаруулах ажлууд явагдаж байна. ЖДҮ эрхлэгчдээ дэмжсэнээр эргээд улсдаа татвар нь орох, иргэдийг ажлын байраар хангах гээд нийгэмд эерэгээр нөлөөлөх  ач холбогдол нь их юм.  

Холбоотой мэдээ