Намын жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-29 14:11:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.


Энэхүү хуулийн төсөлд, парламентын сонгуулийг УИХ-ын гишүүдийн 50 хувийг мажоритар системээр сонгож, үлдсэн 50 хувийг пропорциональ буюу намын жагсаалтаар нэр дэвшүүлэхээр тусгасан юм. Засгийн газрын зүгээс дээрх хуулийн төсөлд 30 гаруй саналыг нэгтгэн оруулж, УИХ-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн аж. Үүний дотор хэд хэдэн онцлох ямар санал тусгагдсан болох тухайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Хоёр нам нэгдэж сонгуульд орох тохиолдолд 5 хувийн босго тавихаар тогтсон. Гурав болон түүнээс нам нэгдэж эвсэл болж сонгуульд орвол 7 хувийн босготой байхаар саналаа орууллаа.


Мөн өмнөх сонгуулийн зохицуулалтаар эмэгтэй нэр дэвшигчдийн босгыг 20-25 хувьтай байсныг 30 хувь болгосон. Гэхдээ одоогийн оруулж ирсэн хуулийн төсөлд пропорциональ системд 3 эрэгтэй тутмын нэг нь эмэгтэй нэр дэвшигч байхаар оруулж ирснийг 1х1 харьцаатай байх өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, 19 эрэгтэй, 19 эмэгтэй нэр дэвшигчтэй байх нь. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд орж ирснээр нийгэмд олон эерэг үр дагавар авчирдаг гэсэн олон улсын судалгаа бий. Засгийн газрын 1х1 харьцаатай байх саналаар бол, парламент 76 гишүүнтэй байна гэж үзвэл хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүн сонгогдох боломжтой" гэлээ.

Холбоотой мэдээ