ӨМНӨГОВЬ: Агаарын бохирдлын сөрөг нөлөөнд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад /МОНЦАМЭ/ “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын
бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” сэдвээр мэргэжилтнүүд нэгдсэн
уулзалт зохион байгуулж байна.
Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан,
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутагт хэрэгжсэн “Эх,
хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн
сайн туршлага, инновац, шийдлийг танилцуулах, оновчтой шийдэл, үйл ажиллагааг
үндэсний болон орон нутгийн түвшинд тогтвортой хэрэгжүүлэх, цаашид авах арга
хэмжээг хэлэлцэх зорилгоор Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Тус уулзалт 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болсон бөгөөд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд олон төрлийн сөрөг нөлөө үзүүлдэг ба үүнээс шалтгаалан дэлхий даяар жилд 7 сая хүн нас бардаг судалгаа гарчээ. Агаарын бохирдолд эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү өртдөг болох нь тогтоогдсон. Харин Өмнөговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотойгоор агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сум 29748 мянган хүн амтай бөгөөд 9 багтай. Түүний 8 баг нь гэр хороололоос бүрдэж байгаа нь агаарын бохирдлын гол шалгаан болж байна.
Агаарын бохирдлыг багасгах зорилгоор орон сууц барих, дахин төлөвлөлт хийх, гэр хорооллыг дулааны шугамд холбох, зам тавих, утаагүй түлш, шөнийн тарифаар халаах төхөөрөмжүүдийг судалж нэвтрүүлэх, ногоон байгууламж, услалтын системийг нэмэх зэрэг ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна.
Уулзалтаар аймаг
орон нутгаас агаарын чанарын хяналт, эрүүл мэндийн анхан шатны
тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон нийт, хүүхэд, залуучуудыг
мэдлэгжүүлэх, чадавхжуулах, монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн
ЧИП багц зэрэг нүүрснээс цэвэр технологи руу шилжих шийдэл, технологийг
хөгжүүлж нутагшуулах, санхүүжилтийн оновчтой механизм, хүртээмжтэй үйлчилгээг
нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байгаа талаар мэргэжилтнүүд тоон мэдээллийг танилцуулжээ.
Тус уулзалтад Засгийн
газрын гишүүд, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид, мэргэжилтнүүд
эрдэмтэн судлаачид, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар,
Орхон аймаг, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл 100 орчим хүн оролцсон байна.