ХЭНТИЙ: С.Нямсүрэн: Контентоо улсын бүх цэцэрлэгийн хэрэглээ болгохыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-01 17:42:47

Чингис /МОНЦАМЭ/ СӨБ-ын сургалтын хэрэглэгдэхүүн болгох замаар контентоор дамжуулан хүүхэд багачуудыг хөгжүүлэх хүмүүжүүлэх үйлсэд Хэнтий нутгийн залуус санаачилгаараа нэгдэн гар бие оролцоод эхэлжээ. Энэ талаар Lemon сake хүүхэлдэйн төслийн санаачлагч С.Нямсүрэнтэй цөөн хором ярилцлаа.


 - Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

- Намайг С.Нямсүрэн гэдэг. Хэнтий аймагт гэр бүлээрээ ажиллаж амьдардаг. Lemon сake хүүхэлдэйн төслийн санаачлагчдын нэг.

- Өмнө нь ямар уран бүтээл, контент үйлдвэрлэж байсан ажлын туршлагатай вэ?

- 2005 оноос хойш эвлүүлэгч графикчнаар кино, клип, рекламны салбарт ажиллаж байна. 2016 онд богино хэмжээний 3D хүүхэлдэйн кино хийж туршиж байсан. Уран сайхны кинонуудад эвлүүлэгч, графикчнаар ажиллаж байсан.

- "Lemon cake" төслийг яагаад санаачлах болсон бэ? Нийгэмд үзүүлэх эерэг үр нөлөөг хэрхэн харж байна?

- Гадаадад ABC гээд англи цагаан толгойн дуу байдаг. Монгол хүүхдүүд дагаж дуулаад 26 үсгийг амархан сурчихдаг. Тиймээс СӨБ-ын хичээлийн хөтөлбөрийн боломжтой бүх агуулгаар дуу зохиож, хүүхэлдэйн контент хийвэл хөгжилтэй, сонирхолтой байдлаар хурдан мэдлэг олж авах юм байна гэж багийнхантайгаа  ярилцаад төслөө эхлүүлж байлаа. Багш нар хичээл заахдаа ашиглана. Цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхдүүд бие дааж суралцах боломжтой. Шинэ үеийн хүүхдүүд өдөржингөө хэрэгтэй, хэрэггүй контент үзэж байна. Тэгвэл тэдний цагийг үр дүнтэй, хэрэгтэй мэдлэгээр сольж байна. Ер нь шүлэг цээжилснээс, хүүхэлдэйн кино үзэнгээ дуу сурвал хамаагүй хурдан.     

- Одоогийн байдлаар 25 контент үйлдвэрлэсэн гэлээ. Уг контентуудаа бүтээхэд хэдий хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү зарцуулсан бэ?

- Бид ажлынхаа хажуугаар контентоо хийдэг. Дунджаар долоо хоногт нэг анги хийдэг. Үүнд дууны шүлэг, ая зохиохоос эхлээд хүүхэлдэйн контент болж цацагдах хүртэл хугацаа ордог. Хөрөнгө санхүүгийн хувьд өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлаж байгаа.

-"Lemon cake" төслийн багийнхнаа танилцуулаач. Хэрхэн багаа бүрдүүлсэн бэ? Хэн ямар үүрэг хариуцлагатай ажиллацгаадаг вэ?

-Ая зохиогч, аранжировщик Д.Болор-Эрдэнэ, Зураач, ая зохиогч, дуу оруулагчаар Ө.Ууганбаяр, Дуучнаар АДБ-ийн Хан Хэнтий чуулгын дуучин Х.Хатанцэцэг, дуучин Ж.Майнбаяр нар, менежерээр А.Алтаншагай, Англи хэлний редактороор С.Энхтуяа, Продюсероор Э.Гансүх, Аниматороор С.Нямсүрэн миний бие гээд нийт найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай контент бусад контентоос ялгаатай нь анги бүр дээрээ шинэ дуу дуулагддаг. Тиймээс багийн бүх гишүүд дуулдаг, ая шүлэг зохиох чадвартайгаараа давуу талтай.

-Контентууд нь 26 сая үзэлт хандалттай байгаа гэсэн. Хэдэн насныхан, аль улс, аймгаас илүү үзэлттэй байгаа судалгаа хийж үзэв үү?

-Бид Нана Ноно гэдэг нэртэй Youtube сувагтай. Youtube дээр хэн хаанаас хэр их үзэж байна гэдэг нь тодорхой байдаг. Ихэнхдээ Монголоос тэр дундаа Улаанбаатараас түлхүү үздэг. Багахан хувь нь гадаадаас үздэг. Гадаадад байгаа монголчуудын хүүхдүүд үздэг байх. Бидэнд ирж байгаа сэтгэгдлүүдээс харахад 9 хүртэлх насны үзэгч фэнтэй юм байна лээ.


-Үзэгчдээс ирж байгаа хамгийн гоё сэтгэгдлүүд юу байна?

-Манай Lemon сake TV пэйж хуудсаар коммент их ирдэг. Гоё дуу шүү манай хүүхэд байнга үздэг гэсэн ээжүүдийн сэтгэгдэл зөндөө. Дараагийн дуу ямар дуу байх вэ? Энэ дууг хүүхдүүддээ үзүүлбэл дүрсээ мэддэг болох юм байна. Амжилт хүсье дандаа сонсдог шүү гэх мэт. 

-СӨБ-ын системд тохирсон ийм төрлийн контент өмнө нь хийгдэж байсан болов уу? "Lemon cake" төсөл хэрэгжсэнээр СӨБ-ын багш нарт ямар давуу тал, үр дүнгүүд гарах вэ?

-Гадаадад ч тэр Монголд ч тэр хүүхэлдэйгээр дамжуулж хүүхдэд мэдлэг олгох зорилготой контентууд байдаг. Манайх ялгаатай нь СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн дагуу боломжтой бүх хувилбараар системтэйгээр хийж байгаа. Тиймээс сургалтын хөтөлбөрийн дагуу нийт 50 контент бүтээвэл цагаан толгойн ном шиг жил бүр хэрэглээд суралцаад явах иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүнтэй болох юм. Багш нарын хувьд шинэ үеийн гарын авлагатай болж байгаа гэсэн үг. Сурагчдын хувьд анхаарал төвлөрөл, ой тогтоолт, хөгжмийн сонсгол сайжрах гэх мэт олон эерэг зүйл анзаарагдаж байгаа.   

-Санхүүжилтээ хэрхэн босгож ажилладаг вэ?

-Одоогоор өөрсдөө сэтгэлээрээ л хийж байгаа.

-Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцаач?

-Ирээдүйд гадагшаа контентоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Дуулагдсан дуунуудаа англи хэлээр хөрвүүлж гадны үзэгчдийг татах буюу Монгол Улсаа сурталчлах төлөвлөгөөтэй. Эхнээсээ дөрвөн контент хийгээд гадаад суваг дээрээ тавьсан. Удахгүй өндөр хандалттай болно гэж итгэж байгаа. Хэнтий аймгийн цэцэрлэгүүдтэй хамтран контентуудаараа дамжуулж туршилтын хичээлийг амжилттай орсон. Үр дүнтэй гэж үнэлэгдсэн. Цаашид улсын бүх цэцэрлэгийн хэрэглээ болгохыг зорьж, таниулан сурталчилж ажиллаж байна.

-Та бүхний ажилд амжилт хүсье.

 

 

Холбоотой мэдээ