ӨМНӨГОВЬ: 2023 оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-10 15:48:32

Даланзадгад /МОНЦАМЭ/ ХХААХҮЯ-наас газар тариалангийн улирал эхлэж байгаатай холбогдуулан салбарын мэргэжилтнүүдийн дунд зөвлөлдөх чуулга уулзалт зохион байгууллаа. Чуулга уулзалтад Өмнөговь аймгийн 3 сумын төлөөлөл 8 хүний бүрэлдэхүүнтэй оролцож туршлага судалжээ..



Чуулганаар газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудал байгааг онцгойлон анхаарч, энэ жилийг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон албан ёсоор зарлаж, тодорхой зорилтуудыг дэвшүүлжээ.

Түүнчлэн ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалалд анхаарч, шинэ сортыг бий болгож, эрх зүйн орчны шинэчлэл болон үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гарган, тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх ажлыг идэвхжүүлснээр хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн мэргэжилтнүүд үзжээ.


Газар тариалангийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, залуу тариаланчдыг чадавхжуулах, мэргэжлийн сургалтын байгууллагад суралцагчийг салбарын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцуулах, их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах, хөдөө аж ахуйн салбарт залуучууд  гарааны бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжилд чиглэсэн олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.


Мөн 2023 онд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр 3-5 жилийн хугацаатай олгохоор төлөвлөсөн байна.    


Өмнөговь аймаг 2022 оны жилийн эцсийн байдлаар 660 гаруй иргэн, 33 аж ахуйн нэгж газар тариалан эрхэлж, тэжээлийн ургамал 31 га, төмс 61 га, хүнсний ногоо 125 га, жимс жимсгэнэ 45 га талбайд тариалалт хийн, хүнсний ногоо 681,2 тн, төмс 438 тн,  жимс жимсгэнэ 19,6 тн, тэжээлийн ургамал 133,1 тн  нийт 1165,6 тн ургац хураан авчээ. 

Харин 2023 оны хүнсний ногооны үрсэлгээг технологийн хугацаанд хийж гүйцэтгэн амжилттай бойжуулж 15 сумын газар тариалан эрхлэгчдийн захиалгын дагуу 5 дугаар сарын 5-наас 5 дугаар сарын 10-ны хооронд харьяа сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөхөөр бэлтгэж байна.



Холбоотой мэдээ