БУЛГАН: Иргэд гар утсаа ашиглан улсын төсөвт санал өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт “Төсвийн хөрөнгө оруулалт” гар
утасны аппликейшн ашиглан улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар хэрэгжүүлэх төсөлд санал өгөх талаар сургалт болж байна. Глоб
интернэшнл төвийн гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр:
- Манай байгууллага 10 аймаг, гурван
дүүрэг хариуцан ажиллаж байна. Үүний
нэг нь Булган аймаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэд санал өгөх гар
утасны аппликейшнийг ашиглан санал өгөх сургалтыг хийж байна. Өчигдөр иргэдийн саналыг өгсөн
байдлыг судлахад 10 орчим иргэн санал үүсгэсэн байсан. Одоогийн байдлаар 159 иргэн
төсвийн хөрөнгө оруулалтын талаар шинэ
саналыг үүсгэсэн. Давхардсан тоогоор 357 санал үүсжээ. Үүнд үнэлгээ өгсөн
байдлыг харвал 400 гаруй иргэн дэмжсэн санал өгсөн байдалтай байна. Иргэд өөр
өөр чиглэлээр хөрөнгө оруулалтын ажил хийлгэхээр санал өгч байгаа байдал их
байна. Иргэд өөрсдөө орон нутагтаа хийх улсын төсвийн хөрөнгө оруулалтад санал
өгөх боломж олгож байгаа нь хамгийн чухал үр дүн юм гэж ярилаа.
Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын Дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАSАМ II төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтад иргэдийн оролцоог хангах зорилгоор “Төсвийн хөрөнгө оруулалт” аппликейшнд нэмэлт цэс бий болгожээ.
Энэхүү
аппликейшнийг ашиглан 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх
төслийн саналд иргэн өөрийн харьяа дүүрэг, аймгийнхаа хөрөнгө оруулалтад
саналаа өгөхөөс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл,
хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг иргэдэд цаг алдалгүй авч, хөрөнгө оруулалтын
төлөвлөлтөд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулах боломжтой юм.