ОБЕГ-аас харьяа сургуульдаа сургалтын материал өглөө

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-09-06 16:28:24

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, оюутан сонсогчидтой уулзлаа. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газраас тус сургуульд сургалт, дадлагад ашиглах 580 гаруй сая төгрөгийн өртөгтэй, иж бүрэн тоноглол бүхий гал унтраах автомашиныг гардуулсан байна.

Тус сургууль гал унтраах автомашинтай болсноор сонсогчид онолын хичээлээр олж авсан мэдлэгээ практик дээр ашиглаж суралцах чухал ач холбогдолтой болж байгааг багш, оюутнууд онцлон хэлж байв. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Онцгой байдлын сургуулийн нэгдүгээр дамжааны сонсогчдод зориулан хүндэтгэлийн лекц уншжээ. Хууль сахиулахын их сургууль нь энэ хичээлийн жилээс түүхэндээ анх удаа “Онцгой байдал-Гамшгаас хамгаалах алба“ мэргэжлээр гурван жилийн эчнээгийн элсэлт авч эхэлжээ. Мөн энэ жил “Эдийн засаг, нөөцийн удирдлага“ чиглэлээр шинээр тэнхим байгуулсан нь энэ хичээлийн жилийн онцлог болж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ