ХОВД: "Гэрэлт ирээдүйд гар бүү хүр" уриатай алхалтад 500 гаруй оюутан, сурагч оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд "Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр" тохиодог.
Тус
өдрийг угтан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, цагдаа,
прокурорын газраас санаачилж, Боловсрол шинжлэх ухааны газар, Жаргалант сумын
ЗДТГ-ын оролцоотойгоор "Гэрэлт ирээдүйд гар бүү хүр" уриатай алхалтыг
зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны нээлт өнөөдөр аймгийн төв талбайд болж, 500 гаруй оюутан,
сурагч хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох чиглэлээр дуу хоолойгоо нэгтгэн
оролцсон байна.
Сүүлийн
үед Ховд аймгийн хэмжээнд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн
үзүүлэлт өсөж, гэр бүлийн хүчирхийллийн
улмаас хүүхэд хохирсон тохиолдол хэд хэд бүртгэгджээ. Мөн хүүхдийн эрхийн
зөрчил 2023 оны эхний 3 сард 5 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад
2 нэгжээр өссөн үзүүлэлт юм.
Иймээс
цаашид хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг бууруулах, урьдчилан
сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамжийг
сайжруулах хэрэгцээ шаардлага байсаар байна.
"Гэрэлт
ирээдүйд гар бүү хүр" алхалтад оролцогчид аймгийн төв талбайгаас эхлэн Ховд
их сургууль, баруун бүсийн төв зах гэх мэт олон хүн цугласан нийтийн эзэмшлийн
гудамжаар тодорхой маршрутын дагуу 3 километр орчим алхалт хийсэн.
Хуульд
зааснаар "Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган
хүмүүжүүлэгч нь хүүхдэд боловсрол олгож, өсгөн хүмүүжүүлэхдээ хүчирхийллээс
ангид хүмүүжлийн арга хэрэглэх учиртай". Иймд "Гэрэлт ирээдүйд гар бүү хүр"
алхалтад оролцсон сурагч, оюутан залуус хүүхдээ
эерэг аргаар хүмүүжүүлж хэвшихийг иргэдэд уриаллаа.