ӨМНӨГОВЬ: Мод тарих өдрөөр “Dz-агропарк”-д 2000 ширхэг заг тарилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтийн мод тарих өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээний үеэр “Хашаандаа сайхан амьдаръя” төсөлд оролцож тэтгэлэгт хамрагдаж буй Даланзадгад хотын 26 иргэнд 3 сая төгрөгийн батламжийг олголоо. Даланзадгад хот нь хавар, намрын улиралд бүх нийтээр мод тариалах арга хэмжээг зохион байгуулдаг ба өнгөрсөн 2022 онд 20 гаруй мянган мод тарьж ургуулсан бол энэ жил 40 гаруй мянган мод тариалах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Өмнөговь
аймгийн Сум дундын Ойн анги аймгийн хэмжээнд 13 нэр төрлийн 35 мянган суулгацыг
15 сумандаа үнэ төлбөргүй тараан өглөө.
Даланзадгад сум “Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөний хэрэгжилтэд идэвхитэй оролцож ААНБ-ууд 90 мод, иргэн, өрх бүр 9 мод тарьж ургуулах уриалгыг
дэвшүүлсэн бөгөөд Даланзадгад сумын ЗДТГ нь “Оска монголиа” ТББ-тай хамтран цөлжилтийг сааруулах зорилгоор “DZ-Агропарк”-ийн ойн зурваст 2000 ширхэг загийн суулгацыг тариаллаа.
Заг нь элсний нүүлтийг багасгах, говийн усны чийгийг
алдагдуулахгүй барих, хур бороо татах ач тустайгаас гадна тариалахад усалгаа
бага ордогоороо давуу талтай.
Даланзадгад хотын 5 дугаар багийн иргэн Б.Дулмаа
Манайх
Даланзадгад сумын Зүүнсайхан хороололд амьдардаг залуу гэр байгаа юм. “Хашаандаа
сайхан амьдръя” гээд энэ төсөлд хүсэлтэй явуулаад шалгараад батламжаа хүлээн
авлаа. Маш их баяртай байна. Бид өмнө нь хашаандаа өөрийн хөрөнгөөр бүтээн
байгуулалтыг бага багаар хийсэн. Мөн аав, ээж хоёр мод, ногоог их тариалдаг. Үүндээ тулгуурлаад усан бассейн,
тоглоомыг талбайг хийсэн. Цаашлаад манай гэр бүл олон ажлыг хийх төлөвлөгөөтэй
байсан ч санхүү хэцүү байлаа. Харин төсөлд шалгарлаа. Энэ мөнгөөрөө тохилог
найз нөхөд хамаатан саднаараа цуглаад амарч салхилж суухаар сүүдвэрч, бассейн
болон жорлон зэргээ засварлах ажилд зарцуулна. Иргэд бидний хүсэлтийг хүлээн
авч шалгаруулсан та бүхэндээ маш их баярлалаа.
Даланзадгад хотын 8 дугаар багийн иргэн Ц. Оюунцэцэг
Би энэ төсөлд хүсэлтээ өгсөн байсан хэдий ч тэнцэж чадаагүй байсан. Гэтэл азтан шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулагдаж азтанаар шалгарсанд үнэхээр баяртай байна. Манай гэр бүл хашаандаа өвөл, зуны хүлэмжтэй бөгөөд жимсний моднуудыг тариалж нугас, гахайн аж ахуйг эрхлэдэг. Төсөлд хамрагдсанаар хашаандаа хүүхдийн тоглоомын талбай, мөн нэмж жимсний мод тариалах хүсэлтэй байгаа. Сум орон нутгийн удирдлагууддаа нийт төсөлд хамрагдсан иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.