“ВВС”-гийн дарга Р.Шарп албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-29 10:03:47

ЛОНДОН./ВВС/. “ВВС”-гийн дарга Ричард Шарп тухайн үеийн Ерөнхий сайд Борис Жонсоны зээлийн асуудалтай холбогдож, төрийн албаны томилгооны дүрмийг зөрчсөн болохыг хараат бус тайлан харуулсны дараа албан тушаалаасаа огцорч буйгаа баасан гарагт мэдэгджээ.


Өөрийг нь залгамжлах хүнийг томилтол зургаадугаар сарын эцэс хүртэл үргэлжлүүлэн ажиллах Засгийн газрын хүсэлтийг хүлээж авсан гэдгээ Р.Шарп хэлсэн байна.


Тус улсын төрийн албаны томилгоог хянадаг байгууллага Засгийн газар 2021 онд Р.Шарпыг “ВВС” корпорацын даргаар  хэрхэн сонгосныг судалж, төрийн албаны томилгооны дүрмийн дагуу тухайн үед ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллээ хэлээгүй болохыг тогтоожээ. Уг тайланд мөн энэхүү дүрмийг зөрчсөн явдлыг түүний албан тушаалыг заавал хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзсэн байна.


Гэсэн хэдий ч Р.Шарп дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажиллабал, байгууллагынхаа  "сайн ажиллаж буй” нэр хүндийг сэвтүүлэх болно гэжээ.


"BBC-гийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь зөв гэж би шийдсэн тул өнөө өглөө Төрийн сайд болон ТУЗ-д ВВС-гийн даргын албан тушаалаас огцрох өргөдлөө өгсөн" гэж Р.Шарп мэдэгдэлдээ дурдсан байна.


Холбоотой мэдээ