БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн Сөнөд хошуутай хамтран ажиллахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-07 16:09:13

Энэ сарын 03-07-нд Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулган БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн, Шилийн хотод болсон.

Энэхүү чуулганд Дорноговь аймгаас ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин, Замын-Үүд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б. Анхбаяр, хил, гаалийн байцаагчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 орчим төлөөлөгч оролцлоо.

Чуулганы үеэр дээд түвшинд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутаг хооронд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилго бүхий 7 чиглэлийн салбар уулзалт болсон бөгөөд Дорноговийн төлөөлөгчид оролцсон байна.

Энэ сарын 05-нд Шилийн гол аймагт болсон форумд аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны аймаг, хошуутай хамтран ажиллах чиглэлээр илтгэл мэдээлэл тавьсан бөгөөд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд хошуунаас санал тавьсны дагуу тус хошуу болон Сайншанд, Эрдэнэ сумын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

Мөн Эрээн хотод зохиогдсон үзэсгэлэн худалдаанд Дорноговь аймгаас “Баясах” оёдлын цехийн Б.Даваасүрэн монгол болон загварын дээл, хүүхдийн хувцас, “Морьт хас” ХХК-иас М.Энхболд арьсан цүнх, түрийвч зэрэг бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулав.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ