Алтанбулаг боомтын өргөтгөлийг энэ онд дуусгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хилийн Алтанбулаг боомтын хувьд энэ онд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 ам метр ногоон байгууламж байгуулна.
Мөн тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 ам метр авто зогсоол, 30000 ам метр зам талбай барих, хяналтын тоног төхөөрөмж нийлүүлэх юм. Тус боомт одоогоор өдөрт 1300-1500 хүн, 500-700 автомашин нэвтэрдэг бол Боомтын шинэчлэл хийсний дараа өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэхийг БОАЖЯ мэдээлэв.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Алтанбулаг, Сүхбаатар боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэх бүтээн байгуулалтыг 2020 оны 7 дугаар сард эхлүүлсэн билээ. Гэвч цар тахлын улмаас нэг жил завсарласныг төсөл гүйцэтгэгчид БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд танилцууллаа. Тэрбээр, ”Монгол Улсад зочлох жил 2023-2025” үйл ажиллагааны хүрээнд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Хил хамгаалах газар болон холбогдох албаны хүмүүсийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын өргөтгөлийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэ ажлыг эрчимжүүлэх, төр, орон нутаг, гүйцэтгэгч байгууллагын уялдаа холбоог хангаж, ажлыг саадгүй урагшлуулахад тус яам анхаарч ажиллах юм.