ӨМНӨГОВЬ: Нүүдлийн шувуудыг ажиглах аялал зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-09 14:22:29

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн БОАЖГ-аас санаачлан дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг угтан Далангийн гол дээр нүүдлийн шувуудыг ажиглах аяллыг хүүхэд залуусын дунд зохион байгуулаа.

 

Жил бүр олон шувуу өвөлжих болон үржих зорилгоор нутаг хооронд алс холоос өртөөлөн нүүдэллэдэг. Нүүдэллэх замдаа амрах таатай орчин зайлшгүй хэрэгтэй байдаг учраас тэднийг хамгаалах хамгийн том сүлжээг бий болгох зорилгоор дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэж, хүмүүсийн анхааралд шувууг хайрлан хамгаалахын чухлыг ойлгуулах ажлуудыг зохион байгуулдаг болсон бөгөөд манай оронд хүүхэд залуучууд, бусад хүмүүст зориулсан шувуу ажиглах аяллыг сурталчилдаг болсон.


 

Тус ажлыг Даланзадгад хотод 5 дугаар сарын 7-нд зохион байгуулсан бөгөөд БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх болон шувуу судлаач Х.Түмэндэлгэр нар оролцож, нүүдлийн шувуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүүхдүүдэд өглөө.

Энэ жил Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг дэлхий даяар “Ус-шувуудын амьдралыг тэтгэгч” уриан дор зохион байгуулж байна.

Нүүдлийн шувуудыг ажиглах аяллын үеэр Далангийн голд Халбаган хошуут, Хондон ангир, Эгэл хилэн жигүүр, Халбага нугас, Зээрд нугас, Алаг ээтэн, Шар түрүүт цэгцгий, Хүрэн толгойт цахлай, Нарийн хиазат, Халзан түнжүүр, Бор галуу, Тураг гогой, Ногоохон нугас, Алаг шунгаач, Бор нугас, Хөх дэглий, Цасч дэглий, Хээрийн бор шувуу, Хөхвөр тагтаа, Асрын хараацай, Хөх цэгцгий, Улаан хөлт хөгчүү зэрэг шувууд ирсэн байгаа талаар шувуу судлаач Х.Түмэндэлгэр тайлбарлаж шувуу ажигласнаар нүдний хараа сайжирдаг гэдгийг хүүхдүүдэд ярилаа.

Монголд зочлох жил, Нээлттэй Өмнөговь, Эх орон-Миний говь танин мэдэхүйн аяллын хүрээнд Дэлхийн нүүдлийн шувуу ажиглах өдрийн аялалд Даланзадгад сумын ЕБС-ийн 5 сургуулийн байгаль хамгаалах клубийн 60 гаруй сурагч оролцлоо.





Энэхүү аялал нь хүрээлэн буй орчиндоо нөлөө багатай амьдрах, амьдралын хэвшлийг хүүхдүүдэд ойлгуулах арга замаар шувуу хамгаалах мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой.  

 

Холбоотой мэдээ