ДЭМБ “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-05-06 09:18:23

ЖЕНЕВ. /WHO/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБCOVID-19”-ийн тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг цуцалж буйгаа баасан гарагт мэдэгдлээ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Швейцарын Женев хотоос хийсэн цахим хэвлэлийн бага хурлын үеэрээ энэ талаар мэдэгджээ.


ДЭМБ “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр олон улсын хэмжээнд зарлаж, түүнээс хойш гурван сар тутам шинжээчдийн хороог хуралдуулан сунгасаар ирсэн бөгөөд тус хорооны сүүлийн хуралдаан пүрэв гарагт болсон юм.


“Онцгой байдлын асуудал эрхэлсэн хороо пүрэв гарагт 15 дахь удаагаа хуралдсаны дүнд “COVID-19”-тэй холбогдуулан зарласан онцгой байдлыг цуцлахыг зөвлөлөө. Иймд миний бие уг дэглэмийг цуцалж байгааг зарлаж байна” гэж Т.Гебрейесус мэдэгдсэн байна.


COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо /долоо хоног тутмын/ цар тахал дэгдсэнээс хойших хамгийн цөөн үзүүлэлтэд хүрч, дэлхийн ихэнх оронд амьдрал “хэвийн байдалдаа” эргэн ороод байгааг Т.Гебрейесус өмнө нь мэдэгдээд байсан юм.


2020 оны гуравдугаар сард ДЭМБ “COVID-19”-ийг цар тахал гэж албан ёсоор зарлаж байсан. 2023 оны тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар, дэлхийн хэмжээнд уг халдварын 765 сая гаруй тохиолдол илэрч, 6.9 сая гаруй хүн нас баржээ. Лхагва гарагт ДЭМБ бэлэн байдал, хариу арга хэмжээний талаарх тайландаа улс орнуудыг яаралтай тусламжийн арга хэмжээнээсээ урт хугацаанд урьдчилан сэргийлэх, хянах чиглэлд шилжихийг уриалсан байна.


ДЭМБ тайландаа SARS-CoV-2” вирусний тархалтыг бууруулах; нас баралт, өвчлөл, урт хугацааны үр дагаврыг бууруулах зорилгоор COVID-19-ийг оношлох, эмчлэх; улс орнууд яаралтай тусламжийн арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх, хянахад шилжихэд нь дэмжлэг үзүүлэх гэсэн гурван зорилтыг тодорхойлжээ. Т.Гебрейесус баасан гарагт хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, COVID-19” бидний дэлхий ертөнцийг төдийгүй биднийг ч мөн өөрчиллөө хэмээгээд, шинэ хувилбарууд эрсдэл учруулж болзошгүй хэвээр байгааг мөн анхааруулсан байна.

Холбоотой мэдээ