ХЭНТИЙ: “Ялгах хэрэггүй ялгаагүй хүн”’ аян өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-09 16:35:47

Чингис /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 2022 онд 1227 хүүхдээс үе тэнгийн дарамтад өртдөг эсэх судалгааг авчээ. Тус судалгаагаар нийт оролцсон сурагчдын 31,7 хувь нь үе тэнгийн дарамтад өртдөг гэж хариулсан байна. Тус аймгийн Хүүхдийн зөвлөлөөс санаачлан үе тэнгийн дарамтыг илрүүлэх, багасгах “Ялгах хэрэггүй ялгаагүй хүн” аяныг өрнүүлжээ.

Аяны хүрээнд NO problem YES love уралдаан, Тэмүүжин ЦС-ийн сэтгэл зүйчтэй хамтран "Нэрээ нууцалсан захидал" подкастыг бэлтгэн хүргэж, 300 хүүхдийг хамруулсан байна. Мөн “Танихгүй найз” видео контент бүтээх цахим уралдааныг үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ГБХЗХГ, Цагдаагийн газар хамтран хүүхдүүдийн дунд зохион байгуулсан ба тус уралдаанд 2-4 минутын хугацаатай зургаан видео контент ирсэн аж. Одоогоор нийт 849.000 хүн үзсэн хандалттай байна.

Баянхутаг, Цэнхэрмандал, Галшар, Өлзийт, Батширээт, Бэрх, Бор-Өндөр, Дадал, Өмнөдэлгэр, Норовлин, Батноров, Баян-Адарга, Баянмөнх, Мөрөн, Дэлгэрхаан, Баян-Овоо, Жаргалтхаан, Дархан, Биндэр зэрэг сум үе тэнгийн дарамтыг илрүүлэх, багасгах сургалт нөлөөллийн долоон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, 6001 хүүхдийг хамруулсан байна. 

“Ялгах хэрэггүй ялгаагүй хүн” аян өрнөснөөр үе тэнгийн дарамтад өртөлт суурь үзүүлэлттэй харьцуулахад 12.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. 


Холбоотой мэдээ