ЗАВХАН: Гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл, өргөдлийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-16 16:47:13

Улиастай/МОНЦАМЭ/. Гэр бүлээ цуцлуулахаас нь урьтаж эвлэрүүлэн зуучлах нь эерэг талтай бөгөөд илүү амар байдаг. Гэтэл гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл, өргөдлийн тоо сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад нэмэгдсэн байна. Энэ талаарх тодруулга мэдээллийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс тодруулав. 

-Гэрлэлт цуцлуулах үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

-Гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн иргэн шүүхэд хандахаасаа өмнө урьдчилан шийдвэрлэх журмын дагуу шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд ханданаЭвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд эвлэрээгүй бол иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана.  


Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй. Эсхүл ноцтой хор уршиг учирсан нь тогтоогдсон бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргана.  



Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 онд гэрлэлт цуцлуулах 20 нэхэмжлэл хүлээн авснаас хоёр гэр бүлийг эвлэрүүлж, 18 гэрлэлт цуцалж шийдвэрлэсэн байна. Харин 2023 оны тавдугаар сарын байдлаар иргэний хэргийн анхан шатны шүүх нэг гэрлэлт цуцалжээ.   

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд 2022 онд гэрлэлт цуцлуулах тухай 30 өргөдөл хүлээн авч, 6 гэр бүлийг эвлэрүүлж, 18 гэр бүл эвлэрээгүй, өргөдөл гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө буцаан авсан дөрөв, өргөдлийг хүлээн авахаас татгалзсан хоёр тохиолдол байна.

 

-Тэгвэл энэ оны байдлаар?

-Энэ оны тавдугаар сарын байдлаар гэрлэлт цуцлуулах тухай 13 өргөдөл хүлээн авч, нэг гэр бүл эвлэрч, 9 гэр бүл эвлэрээгүй, гурван өргөдлийн үлдэгдэлтэй байна. Ер нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрэхгүй байх хэд хэдэн хүчин зүйлс байна.

Тухайлбал архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа, эцэг эх, ойр тойрны хамаарал бүхий этгээдийн зүй бус оролцоо их байгаа зэрэг шалтгаан ихэнх хувийг эзэлж байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар зөвхөн гэрлэлтийн баталгаатай гэрлэгчдийн гэрлэлт цуцлахтай холбоотой маргааныг шийдвэрлэнэ. 

Гэрлэлт цуцлах маргаан нь гэрлэгчдийн амин хувийн харилцаанаас үүссэн байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрлэгчид өөрсдөө биечлэн оролцох шаардлагатай ба гэрлэгсдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно.



Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно. Харин нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаана. Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсэж энэ тухай бичгээр мэдэгдсэн бол нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж болдог аж. Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгодог. Дээрх байдлаас харахад гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл, өргөдлийн тоо жил бүр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

-Иргэдэд юу гэж зөвлөх вэ? 


-Гэрлэлтээ цуцлуулахаас урьтаж, эвлэрүүлэн зуучлуулах үйл ажиллагаанд хандаж үл ойлголцол, асуудлаа хамтдаа ярилцаж, шийдвэрлэх нь зүйтэй.  Гэрлэлт цуцална гэдэг тийм амар ажил биш юм.

Хоёр өөр орчинд өсөж, хүмүүжсэн залуус гэр бүл зохиож өөр нэг гэр бүлийг бий болгоно гэдэг ч амар зүйл биш. Энэ амаргүй зүйлийг гүйцэлдүүлж, гэрлэлтээ бат бөхөөр нь авч үлдэхийн тулд нөхөр, эхнэр болж буй хүмүүс гэрлэлт өөрт нь ямар хариуцлага дагуулж буйг ухамсарлах хэрэгтэй.


Мөн гэр бүл болох амархан ч бүтэлгүйтвэл салах гэдэг асуудалтай зэрэгцэн хариуцлага яригддагийг хуулиас харж болох юм. Тиймээс гэрлэлт, хурим гэдэг хэчнээн гэгээлэг сайхан хэдий ч үүнийг дагаж ирэх үүрэг, хариуцлагаа хэрхэн ухамсарласнаас таны гэр бүлийн бат бөх байдал шалтгаалах юм.  

Холбоотой мэдээ