ЗАВХАН: Автомашинаа тос тосолгоо болон ашиглалтын материалаар цэнэглүүлэхдээ стандартыг шаардаарай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-19 20:09:25

Улиастай /МОНЦАМЭ/. Автомашин эзэмшигч хүн бүр автомашины тос тосолгооны материалыг хаанаас ч худалдан авах боломжтой. Гэтэл иргэд автомашины тос, тосолгооны материалынхаа чанар стандартыг тэр бүр нягталж шалгадаггүй аж. Автомашины тос, тосолгооны үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих тодорхойлсон стандартыг иргэд шаардах эрхтэй байдаг.


Манай улсад автотээврийн хэрэгслийг тос, тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйлчилгээг 600 орчим иргэн, аж ахуйн нэгж үзүүлдэг гэсэн судалгаа байна. Харин Завхан аймгийн төв, Улиастайд 26 иргэн, аж ахуйн нэгж авто үйлчилгээний бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг.


-Автотээврийн хэрэгслийн агрегат, зангилаа, системийг аливаа эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тос, тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх ажлыг хийж гүйцэтгэхдээ зориулалтын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан үйлдвэрлэгчээс зөвлөсөн заавар, технологи аргачлалын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг.

Монгол Улсын хувьд дээрх харилцааг зохицуулсан бодлого, тэдгээрийн үйл ажиллагаанд мөрдөх стандартчиллын баримт бичиг, зохицуулалт, хяналт хангалтгүй байсан нь тухайн үйл ажиллагааг технологи ажлын дараалалгүй. Өөрийн дураар хийж хэрэглэгчийг хохироох нэг үндэслэл болж байсан.


Дээрх харилцааг зохицуулах зорилгоор тос, тосолгооны болон ашиглалтын материалаар автотээврийн хэрэгслийг цэнэглэх үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлсон MNS 6971 дугаартай, Автотээврийн хэрэгслийг тос, тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага нэртэй стандартыг 2022 онд батлан мөрдөж байна.


Тиймээс энэхүү шинэ стандартыг автомашин эзэмшигч иргэд хаана ч очсон шаардах, асуух, нэхэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, стандарт шаардлагыг мөрдөөгүй, мэргэжлийн бус, тодорхойгүй үйл ажиллагаатай газраар автомашиндаа үйлчилгээ авах нь эрсдэлтэй төдийгүй, иргэд цаг, мөнгөөрөө хохирдог. Автомашин хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон.

Бараг өрх бүр тээврийн хэрэгсэлтэй байна. Тэгвэл автомашин эзэмшиж замын хөдөлгөөнд оролцогч иргэн та төмөр хүлгээ тос, тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглүүлэхдээ ямар шаардлага тавих ёстойгоо өөрсдөө ч мэддэг байхад илүүдэхгүй. Иймд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандарттай www.estandard.gov.mn цахим хуудаснаас харж илүү дэлгэрэнгүй танилцахыг Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс зөвлөж байна.


Урин дулаан болж, улирал солигдож буй энэ үед тос, тосолгооны материалыг зориулалтын цэгээс  худалдан авахыг зөвлөж байна.

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн болон хурдны хайрцагт зориулагдсан тоснуудыг зориулалтын агуулах, худалдааны төв, автозасварын газрууд, ШТС-ын дэргэдэх худалдааны цэгүүдээс тос, тосолгооны материал худалдаж авахдаа тухайн газрын стандарт, тухайн бүтээгдэхүүний хаяг шошго, лацыг шалгаж байж авах нь зүйтэй.


Тос, тосолгооны материалын сав, баглаа боодол, хаяг, шошго, лац таглаа, битүүмжийг сайтар шалгаж аваарай. Савны гадна талд үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, зориулалт хэмжээ, тосны ангилал зэрэг мэдээллийг бичсэн байдаг ба онгойлгох таг нь лацтай, дотор талдаа ихэвчлэн уян давхар тагтай байдаг.

-Савны шошго дээр тосны ангилал буюу зунгалаг чанар-тосны хэр өтгөн, шингэн болохыг тодорхойлсон үсгэн тэмдэглэгээ байдаг. SAE ангилал нь тосыг ямар улриалд хэрэглэхийг заадаг. Жишээлбэл, өвлийн тос- SAE 0W, 5W, 10W, 15W, 20W, 25W гэх мэт. W нь: Winter буюу өвөл гэсэн үг.  Зуны тос- SAE 20, 30, 40, 50, 60. S нь: Summer буюу зун гэсэн үг. Харин бүх улирлын тос SAE- 5W/30, SAE 0W/40, SAE 10W/30 гэх мэт тэмдэглэгээтэй байдаг.


Автомашины хөдөлгүүр, хурдны хайрцгийн тосыг солихдоо өөрийн тээврийн хэрэгслийн эд анги дээрх тэмдэглэгээний дагуу тосны ангилал, маркийг сонгох нь зүйтэй. Автомашины хөдөлгүүрийн тос солих хоолойн таган дээр тосны марк, ангиллыг бичсэн байдаг. 


Тос, тосолгооны материал худалдаж авахдаа зориулалтын агуулах, худалдааны төв, автозасварын газрууд, ШТС-ын дэргэдэх худалдааны цэгүүдээс авах нь илүү баталгаатай. Мөн худалдаж авахдаа тосны шинжилгээний бичиг, хэрэглэх заавар зэрэг холбогдох бичиг баримтуудыг шалгаж аваарай гэж Завхан Автотээврийн төвөөс мэдээлэв. 

Холбоотой мэдээ