Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулахад бэлэн болсныг мэдээлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-31 11:46:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн орлогч захирал Иман Абдулраззак тэргүүтэй төлөөлөгчидтэй энэ сарын 30-нд уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Сайд С.Бямбацогт Түлэнхийн төвийн барилгыг шуурхай ашиглалтад өгч, чухал төслийг хэрэжүүлсэнд талархал илэрхийлэв. Монгол Улсад Кувейтын сангаас олгосон хөнгөлөлттэй зээл тусламжийн дийлэнх хэсэг нь авто замын салбарт олгосныг тэмдэглээд, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам барих төслийг 2002 онд, Эрдэнэт-Булган-Уньт чиглэлийн төслийг 2010 онд, Уньт-Тариалан чиглэлийн төслийг 2015 онд хэрэгжүүлж, нийт 415 км авто замыг барих төслийг санхүүжүүлэн, манай улсын авто замын салбарын хөгжилд томоохон хувь нэмрийг оруулсанд талархаж байдгаа илэрхийлэв. Тус сангийн буцалтгүй тусламжаар одоо барьж буй Хэнтий аймгийн Өндөрхааны нисэх буудлын шинэчлэлтийн төслийн гүйцэтгэл 70 хувьтай байгааг дурдаад, 6 дугаар сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөнтэй холбогдуулан хэрэгжүүлэх шаардлагатай зарим ажлын талаар санал хэлж, дэмжиж ажиллахыг хүсжээ.


Кувейтын сантай авто замын салбарт хийсэн туршлагадаа тулгуурлан авто замын салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах саналтайг сайд илэрхийлээд, шинээр санал болгож буй зарим төслийг танилцууллаа. Тухайлбал, хоёр талын хооронд байгуулсан гэрээний хүрээнд Төв аймгийн Баян сумаас Чойр хүртэлх 126 км, Ховд-Мянгад чиглэлийн 25 км авто зам, гүүрийн их засвар, барилгын ажлын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлыг буцалтгүй тусламжаар хийх, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг 4 эгнээ, Налайх-Тэрэлж чиглэлийн 37 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төсөлд хөнгөлөлттэй зээл олгохыг хүссэнийг ЗТХЯ мэдээллээ. 


Орлогч захирал Иман Абдулраззак хэлэхдээ, хоёр талын хамтын ажиллагаанд зам, тээврийн асуудал гол байр суурь эзэлж байгааг хэлж, үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Сайдын санал болгосон төслүүдийг судлан, эхний ээлжид зарцуулагдаагүй байгаа үлдэгдэл хөрөнгөөр судалгаа, зураг төсөл боловсруулах ажлыг санхүүжүүлэх боломжтойг хэлж, холбогдох хүсэлтээ ирүүлэхийг хүсжээ. Түүнчлэн, шинээр барих авто замуудын төслийн саналыг хоёр талын хооронд тогтоосон харилцааны шугамаар хүлээн авч судлахад бэлэн байгааг хэлж, шаардлагатай бол хоёр талын хооронд холбогдох яамдтай хамтарсан уулзалт зохион байгуулахыг санал болгов.


Уулзалтын төгсгөлд сайд С.Бямбацогт хоёр улсын харилцаанд тэмдэглүүштэй үйл явдал болох Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахад бэлэн болсныг мэдээлж, энэ оны сүүлээр Кувейт Улсад гарын үсэг зурахаар төлөвлөж байгааг дуулгасан юм. 

Холбоотой мэдээ