ӨВӨРХАНГАЙ: Д.Гүндэгмаа: Айраг, адуу хоёрыг ярихаар л нүд сэргээд ирдэг дээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-05-31 08:25:23

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2021 оны шилдэг өвлөн уламжлагч, Аймгийн аварга малчин Д.Гүндэгмааг сумынхаа хуралд оролцоод явж байхад нь таарч, яриа өрнүүллээ.


-Та сайхан зусч байна уу.  Өвөлжөө, хаваржаа хэр тавлаг байв?

-Энэ өвөл олон жилийн дунджаас арай илүү хүйтэн байлаа. Одоо ч хүйтэн байна. Мал хавартаа жаахан зутарсан. Гэхдээ тэжээл бордоогоо сайн бэлдэж авсны үр дүнд онд мэнд орлоо. Манайх Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг Гэнэд гэх газар өвөлжөөд Аманшанд гэх газар хаваржсан. Цаг дулаарвал зусландаа бууна. Одоогоор төллөх малын 80 хувь нь төллөөд байна.

-Бороо хур орж байна уу?

-Орж байна. Өвөлдөө цас ихтай, хавар хоёр, гурван удаа цас орсон. Түүний хүчинд ногоо гайгүй тэрлэж эхэлсэн. Зуншлага аятайхан болох болов уу гэсэн бодолтой байна.

-Сүүлийн жилүүдэд отроор явав уу?

-Дундговийн Эрдэнэдалай оторлож байсан. Уржнан Дархан руу отроор өвөлжсөн. Өвгөн бид хоёр малаа 400 гаруй км газар морьтой тууж байлаа.



-Та хөхүүр, хөхүүрийн айргаараа Монголдоо төдийгүй олон улсад нэртэй хүн шүү дээ. Энэ жил хөхүүрээ хийх үү?

-Одоогоор хийсэн хөхүүргүй, хийхээр бэлдэж байна. Эгч нь айраг, адуу хоёрыг ярихаар л нүд сэргээд ирдэг дээ. Аав минь алдарт уяач, намайг бага байхад 30-40 гүү барьж, өдөрт 200-гаад литр саам сааж исгэдэг байлаа. Ээж минь саальчин хүн. Баян-Өндөр сумандаа хоёр ч удаа сумынхаа депутатаар сонгогдож байсан. Одоо нас сүүдэр 93 хүрч байна.


Эгч нь хөхүүр урлах, хөхүүрийн айраг исгэх арга технологийг өвөг эцгээсээ сурч, өнөөг хүртэл өвлөн уламжилж явна. Өвөө маань “Унхан” овогт хошуу дарга Ж.Цэвэгдорж гэж хүн байсан. Маш сайхан хөхүүр урладаг байсан болохоор нутгийн сайхан эрчүүдийг “Унханыхны хөхүүр шиг” гэж нэрлэдэг байсан юм гэнэ лээ.


Өвөг дээдсийнхээ өв, ур чадварыг л уламжилж, үр хойчдоо заан сургаж, түгээн дэлгэрүүлж, болж өгвөл нутгийн айл өрхүүдээ цэнхэр, шар савнаас татгалзаж, бүгдээрээ хөхүүр хийж сураасай, монгол хүүхэд бүр айргаа бүлдэг байгаасай гэх хүслээр л 50-иад жил хөхүүр урлаж байна.  Ерөнхийдөө хөхүүр урлаж суръя, заалгая гэсэн хүн олон л байдаг.


-Хөхүүрийг зөв хадгалж, зөв хэрэглэх нь бас чухал байх?

-Монголчууд эрт дээр үеэс л идшээ хийхдээ ширээ бэлдэж, хөхүүрээ урладаг байсан ард түмэн. Одоо л цэнхэр сав гарч амарчлаад хийхээ байсан байна. Цэнхэр савны айраг, хөхүүрийг айргийн амт шал өөр байдаг.

Хөхүүр хийхэд ажиллагаа ихтэй нь үнэн. Айраг хийхэд өнгөртөнө. Айраг багасаад ирэхээр хатна. Хөхүүр хийхдээ үхрийн ширээ эсгэхээс эхлээд л их нямбай хандах ёстой. Исгэсэн хөхүүрээ сур юмуу, тэмээний утсыг бүдүүн ээрч байгаад оёбол ус, чийг сайн даадаг, гоождоггүй. Бүлүүр шовх ирмэгтэй байвал хөхүүрийг дотор талаас нь зураад байдаг. Хатсан хөхүүрийг нугалж, хугалж болохгүй. Зөв хатаасан хөхүүрийг 20 жил ч ашиглана.



-Таны хань, хүүхдүүд бүгд л хөхүүр урладаг. Ер нь хэдэн үеэрээ энэ өв соёл, арга барилыг уламжилж явна вэ?

-Өөрийн удмын дөрөв дэх үедээ хөхүүр урлаж байна. Манай хүүхдүүд хөхүүрээ эсгэж, оёхдоо ч сайн, айргаа уухдаа ч сайн. Манайх найман хүүхэдтэй. Гурван хүү маань хөхүүр хийж сурсан. Бэр маань ч хөхүүр урлана. Манай хүүхдүүд ямааны арьсаар хүрэм, тах, өмд, мотоциклийн ханцуйвч хийдэг.

Эгч нь таван оюутантай болчихоод төлбөрийг нь олох гэж хонины ноосоор олбог ширдэг, ямааны арьсаар дах дэгтий, борви хийж, адууны хялгасаар дээс томдог байлаа. Малд ашиглаж болдоггүй нэг ч зүйл байхгүй. Адууныхаа дэлээр өрхний оосор хийнэ. Хониныхоо ноосоор эсгий туурга хийнэ. Одоо чинь өрхийнхөө оосрыг ч мяндсаар хийж байна. Гэрийнхээ дээвэр, туурган дээр гялгар тавьж байгаад мяндсаар бүслүүрддэг болж. Тэгэхээр чинь салхинд хийсэлгүй яахав. Мяндас чинь бороо орохоор улам чангардаг, гэрийн эд хэрэглэлд тохирсон зүйл байгаа юм.


-Та бас айргийн өв соёлын талаар сайхан сургаал үгийг хэлдэг шүү дээ?

-Айраг бол монгол хүний дархлаа гэдгийг би байнга ярьж байдаг юм. Дээр үед ус, ундаа гэж байсангүй, айргаараа л ундаа хийж ирсэн. Айргийн соёл маш их. Уухад хүртэл учиртай. Дэмбээдэх, талцаж хуруудах, салхидах, сөрсөн дүмбий, барьсан дүмбий, ноён, гичир гээд олон янзаар наргиж, цэнгэж уудаг. Хүүхэд айраг бүлэхдээ тоо тоолж сурна. Биеийн булчин чангарна.


Зусангаа айраг ууж, айргаар шавшуулсан хүүхэд өвөл ханиад хүрнэ гэж байдаггүй. Хавар харшиж ядарсан малчид гүүгээ барьж, айргаа уугаад л харшаа тайлагддаг. Хүний эрүүл мэндэд маш хэрэгтэй амин дэмүүд айрагт агуулагддаг.


-Одоо танайх хэдэн гүү барьдаг вэ? Таны исгэсэн айргийг газрын холоос ч зорьж ирж авдаг байх аа?

-Одоо 20-иод гүү л барьж байна. Жил бүр 6-9 сар хүртэл Улаанбаатар хотод гэр барьж хөхүүрийн айргаар үйлчилдэг байсан. Одоо хүүхдүүд дор бүрнээ ажилтай, би өөрөө хөдөө байх дуртай болохоор айргаар үйлчлэх ажилчин олдохоо байсан.

“Намрын ногоон өдрүүд”, “Түншлэл” гээд үзэсгэлэн худалдаанд их оролцдог. Сүүлдээ айргаа авч явах хүн хүчгүй болчихоод адууны хомоолоо авч очдог болсон. Адууны хомоол чинь малын тэжээл юм шүү дээ. Адууны мах чанахаар тос их гардаг. Зун айргийн гэр барихаар адууны мах чанаж, тос их гаргана. 200-300 литр тос хурааж авчраад адууныхаа хомоолтой холиод өвөл малаа тэжээдэг. Түүнийгээ аймгийн үзэсгэлэнд аваачаад сайн туршлага болгож байсан.


Ёотонгийн чинээ адууны харвин үмхүүлчихэд төлөг, борлон босоод ирдэг. Адууны өөх тосыг хомоолонд шингээж, бодод хоёр хомоол, богд тал хомоол үмхүүлчихэд өдөржингөө өл даана. Адууны тос царцдаггүй. Хомоол идсэн мал сүүлдээ дахиж идэх гээд дагаж гүйгээд л байдаг. Энэ чинь эцэг өвгөдөөс зааж сургаж ирсэн уламжлал юм шүү дээ. Адууны элэг, умс ч сайн тэжээл болдог.



-Баян-Өндөрийн айраг улсын брэнд гэгддэг. Мэдээж, хөхүүрийн айраг гайхалтай. Түүний дээр бэлчээр, ургамал ногоо нөлөөлж байна уу?

-Бэлчээр ургамал маш чухал. Зарим ногоо гараагүй жил айраг сэнгэнэтэл сайхан исдэггүй. Заримдаа жигтэйхэн их газтай, амттай байдаг. Бас бүлэлт их чухал. Сайн бүлж өгвөл айраг жинхэнэ эм болно. Айраг исгэх чинь тийм ч амар биш, эмзэг идээ юм. Зуны саамыг халуунаар нь хийдэггүй, намрын саамыг хөргөж хийдэггүй. Гаргах, гаргахгүй өдөр, өгөх өгөхгүй хүн гэж бий. Айргийн хөрөнгийг танихгүй хүнд өгвөл бишүүрхээд исдэггүй.


-Өөр сааль, сүү авч, цагаан идээгээ боловсруулдаг уу?

-Тэгэлгүй яахав. 1977 онд гэр бүл болж, малаа маллаад цагаан идээний нормоо дандаа давуулан биелүүлдэг байлаа. Хонио сааж, ааруул, ээзгийгээ хийнэ. Одоогоор хонио саах санаатай, дор нь мөлхөөд байна шүү дээ. Хийж хөдөлмөрлөж чадвал цагаан идээ шиг эрүүл мэндэд хэрэгтэй идээ байхгүй.


-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг, сайн сайхныг хүсье.

 

Холбоотой мэдээ