ӨМНӨГОВЬ: Гэрээсээ төөрсөн ой зургаан сартай охиныг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-31 12:43:16

Даланзадгад /МОНЦАМЭ/. Асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлын улмаас ой 6 сартай бяцхан охин хөдөө хээр төөрчээ.


Тус мэдээллийг тодруулахад, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Дундцагаан гэх газраас 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 19.00 цагийн орчимд охин хөдөө гэрээсээ гараад сураггүй болжээ. Харин бяцхан охины ээж архидан согтуурч охиноо харж хамгаалах чадваргүй байжээ.


Эрэн хайх ажиллагааг аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын байгууллага, ГБХЗХГ зэрэг төрийн байгууллагууд хамтран шуурхай ажиллаж,  2023 оны 5 дугаар сарын 31-ний өглөө 9 цаг 40 минутад охиныг эсэн мэнд олжээ.


Охины ээж архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч, аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.


Хариуцлагагүй эцэг эх, насанд хүрэгчдээс болж бага насны хүүхдүүд хохирч байгааг анхаарч гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулж хүүхдэд тавих анхаарал халамж, хараа хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг Өмнөговь аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Эрдэнэцэцэг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ