ӨВӨРХАНГАЙ: Монгол бичгийн олимпиадын хос медальтай анги
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7в ангийн хамт олон 2022-2023 оны хичээлийн жилийг олимпиадын хос медальтай төгсөж байна. Тодруулбал, хамт олноороо монгол хэлний массын олимпиадад аймагтаа тэргүүн байр, мөн аймгийн хэмжээнд 7 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан үндэсний бичгийн олимпиадад дэд байр эзэлсэн амжилт үзүүллээ.
“7в ангийнхан үндэсний бичиг үсгийг
хоёр дахь жилдээ үзэж байгаа ч маш сайн суралцаж, чамлахааргүй амжилт гаргаж
байгаа. Тийм болохоор анги хамт олноороо МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалж, унших чадвараа
ахиулж байна. Одоогоор хүүхэд бүр уншиж, бичиж чаддаг болсон. Минутад дунджаар
70-80 үг уншдаг. Б.Мөнхдөл, н.Намуун гээд хоёр сурагч маань үндэсний бичгийн
уралдаанд үргэлж амжилттай оролцдог. Уран бичгийн бийрийн дугуйланд суралцдаг”
хэмээн Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш Д.Нангилмаа хэлэв.
Тэрбээр мэргэжлээрээ 11 дэх жилдээ багшилж байгаа бөгөөд тус ангид 6 дугаар
ангиас нь хичээл зааж эхэлжээ.
Монгол бичгээс суралцсан эхний жил “Үндэсний
өв соёлоо тээгч” улсын уралдаанд 12 дугаар байр, аймагтаа 6 дугаар байр эзэлсэн
байна. Тус анги 38 хүүхэдтэй. Математикийн багш Ц.Шийрэвдорж 7в ангийг даан
багшилж байна.