ДОРНОГОВЬ: Дэлгэрэх улаан ямааны тоо толгой 40 мянга хүрвэл үүлдрээр баталгаажуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-06 14:11:51

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөдөө аж ахуйн салбарын нэгэн брэнд бүтээгдэхүүн бол “Дэлгэрэх улаан” ямаа юм.

Аймаг, сумын ЗДТГ-аас хөдөө аж ахуйн салбарт брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилтын хүрээнд Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж судалгаа, шинжилгээ, үржүүлгийн хүрээнд Дэлгэрэх улаан ямааг омгоор баталгаажуулсан билээ.

Одоогийн байдлаар Дэлгэрэх суманд улаан ямааг маллаж буй 25 суурь өрхөд 12.000 гаруй Дэлгэрэх улаан омгийн ямаа байна. Цаашид ямааны цөм сүрэг 40.000 хүртэл тоо толгойд хүрвэл үүлдрээр баталгаажуулах боломжтой гэж орон нутгаас мэдээлэв.

Дэлгэрэх улаан ямааны ноолуур нь жирийн ямааныхаас хэд дахин илүү 13-15 микронтой, жигд, урт ноолууртай өвөрмөц популяци бөгөөд таваарлаг ашиг шим, дасан зохицох чадвар жирийн ямааныхаас илүү юм.

Үүний нэг жишээ нь "Говь" ХХК Дэлгэрэх улаан ямааны ноолуурын чанарыг судалж, 2016 онд тус сумаас таван тонн ноолуур худалдан авч байжээ.

Холбоотой мэдээ