ӨМНӨГОВЬ: Даланзадгад суманд хүүхдийн эрхийн зөрчил их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-07 09:39:45

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шуурхай хуралдлаа.

 

Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбатаар ахлуулсан ГХУСАЗСЗ-ийн ажлын баг цаг үеийн тулгамдсан асуудлууд болон өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг, осол гэмтэлд өртөж байгаатай холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцлээ.

 


Хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаарх дуудлага мэдээллийн дийлэнх нь Даланзадгад суманд үйлдэгдэж байна гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцоллоо. 2023 оны 5 дугаар сарын сүүлийн байдлаар 364 гэмт хэрэг гарсны 87,3 хувь нь Даланзадгад, Цогтцэций, Ханбогд суманд үйлдэгджээ.

 


Тус ажлын баг санал боловсруулж, судалгаа гаргах ажлыг зохион байгуулж, ирэх баасан гарагт дахин хуралдаж тодорхой шийдвэрүүд гаргахаар болжээ.

 

Өмнөговь аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Эрдэнэцэцэг

Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэг амарч байгаатай холбогдуулан хүүхдэд тавих эцэг эхийн хараа хяналтыг эрчимжүүлэх ажлыг хэлэлцлээ. Итгэлтэй утсанд ирсэн дуудлагын 90 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг зөрчсөн дуудлага мэдээлэл байна. 2022 онд Өмнөговь аймагт гарсан гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд хүн ам төвлөрсөн Даланзадгад, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс суманд гэмт хэрэг их гарсан байна. Энэ удаагийн хуралд Даланзадгад сумын ИТХ болон ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Мэндээг оролцуулсан нь онцлогтой болж байна.

Учир нь хуралдаанаас гарсан шийдвэрийг Даланзадгад сумын иргэдэд мэдээлэл түгээх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг багасгах, хүүхэд хамгаалах асуудалд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм. Хоёрдугаарт байгууллага бүр хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 3-т зааснаар эцэг эхийн зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа хүмүүсийн гэр бүл хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн боломж байвал ажлын цагаар хүүхдийг нь харах үйлчилгээг зохион байгуулах боломж байгаа эсэх талаар ярилцлаа.

Мөн хуралдаанаар эрүүл мэнд, боловсрол, Даланзадгад сумын ЗДТГ, Цагдаагийн газар, гэр бүлийн байгууллага зэрэг хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн ажлыг эрчимжүүлэх сарын аяны төлөвлөгөө гаргаж, шуурхай ажиллах зэрэг шийдвэрүүд гарлаа. 

Холбоотой мэдээ