ӨМНӨГОВЬ: Аймгаас хэрэгжүүлж буй бодлогуудыг сайн жишгээр онцоллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-06-09 09:46:27

Даланзадгад /МОНЦАМЭ/. Боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэлэлцэж, хамтын шийдвэр гаргахаар "Хүүхдийн хоол" үндэсний чуулганыг 2023  оны 6 дугаар сарын 6-нд зохион байгууллаа.



Тус чуулганд 1000 гаруй хүн оролцсон бөгөөд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хүүхдийн хоол боловсролд”, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Хүүхдийн хоол-Эрүүл мэнд”, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүүхдийн хоол-Хүнсний хангамж” сэдвүүдээр тус тус илтгэл тавьжээ.


Харин Өмнөговь аймгаас үндэсний чуулганд аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон БШУГ, ХХААГ, ЭМГ, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл нийт 14 хүн оролцож, туршлага солилцлоо.

 

Тус чуулганаар Өмнөговь аймгаас хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар хэрэгжүүлж буй ажлуудыг сайн жишгээр онцолжээ.

 

Тухайлбал “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 6 дугаар ангийн 1408 сурагчид үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бол дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50-100 хувиар нэмэгдүүлж, ЭЕШ-д бэлтгэж буй төгсөх ангийн сурагчдад амт, чанар, шим тэжээл сайтай хоол өгөх боломжийг бүрдүүлсэн нь Монгол Улсын хэмжээнд анхдагч, сайн жишиг болжээ.

 


Өмнөговь аймгийн хэмжээнд 10 сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийг сайжруулан шинэчлэл хийж, дотуур байр болон цэцэрлэгийн 178 ангид автомат аяга, таваг угаагчтай болгосноор хүүхдүүдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл энх өсөж торниход чухал ач холбогдолтой ажлуудыг зохион байгуулжээ.


 

Мөн "Сүү, тараг" хөтөлбөр нь улсын хэмжээнд анхдагч, үлгэр жишээ хөтөлбөр юм.

Холбоотой мэдээ