ОРХОН: Гахайн мах худалдан борлуулахыг түр хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-07-17 17:32:04
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-нд Баян-Өндөр сумын Говил багийн Бөхөнгийн өврийн төвлөрсөн хогийн цэгт Гахайн Африкийн мялзан өвчин илэрчээ. Энэ талаар Мал эмнэлгийн газрын дарга Л.Уртнаст мэдээлэл хийлээ.


Тэрбээр хэлэхдээ, Гахайн Африкийн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг. Ахуйн хавьтал, бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, гахайн тэжээлээр халдварладаг. Зэрлэг болон тэжээвэр гахай нас харгалзахгүй өвчилдөг. Өвчилж эдгэрсэн гахай 3-10 сар өвчний тээгч болдог. Өвчний үүсгэгч нь хлорформ болон хлор агуулсан бодисуудад идэвхээ алддаг. Иймд иргэд болон гахайн аж ахуй эрхлэгчид, гахайн махны худалдаа эрхлэгчид, гахайн махаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид ажлын байр, амьдрах орчиндоо халдваргүйтгэл, ариутгал хийж байна” гэсэн юм.


Голомтын цэгт байрших зургаан өрхийн нийт 203 толгой гахайг устгажээ. Өвчин оношлогдсонтой холбогдуулан гахайн махаар үйлдвэрлэл үйлчилгээ худалдаа, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, худалдааны төвүүдэд байгаа гахайн махыг битүүмжлэн хураажээ. Орхон аймагт 2019 онд уг газарт мялзан өвчин оношлогдож 486 гахайг устгалд оруулж байжээ.

 

Холбоотой мэдээ