ЗАВХАН: Улсын алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай/МОНЦАМЭ/.
Тус аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд нийт 97 азарга уралджээ.
Азарганы уралдаанд аймгийн алдарт уяач У.Тамирын сойж уралдуулсан, улсын алдарт уяач Б.Норовсамбуугийн хээр азарга түрүү магнайд ирлээ.
Аман хүзүүнд Нийслэлийн алдарт уяач Б.Пүрэв-Очирын уясан, Монгол Улсын Тод манлай уяач Д.Дагвадоржийн хээр, гуравт Монгол Улсын алдарт уяач М.Алтан-Очирын уясан, Тод манлай уяач Т.Галбадрахын бор, дөрөвт Орхон аймгийн алдарт уяач Н.Норовжамцын уясан, Р.Мягмардоржийн хамар цагаан хүрэн азарга тус тус хурдаллаа. Харин айргийн тавд Нийслэлийн алдарт уяач Б.Пүрэв-Очирын сойсон, Тод манлай уяач Д.Дагвадоржийн зандан хүрэн азарга орж, наадамчин олноо баясгалаа.
Шүдлэн насны морьдын уралдааны түрүү магнайд Нийслэлийн алдарт уяач Т.Батжаргалын сойж уралдуулсан Г.Шижирбаатарын шарга хурдалжээ. Харин аман хүзүүнд Нийслэлийн алдарт уяач Б.Пүрэв-Очирын сойж уралдуулсан Тод манлай уяач Д.Дагвадоржийн шарга, гуравт аймгийн алдарт уяач Ч.Очирбатын сойж уралдуулсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат М.Гантулгын сартай хээр, дөрөвт Монгол Улсын алдарт уяач М.Алтан-Очирын сойж уралдуулсан Шагдарын Ганболдын бор, айргийн тавд Монгол Улсын алдарт уяач М.Алтан-Очирын сойж уралдуулсан Г.Батбаатарын саарал морь тус тус хурдалж, торгон жолоогоо өргүүлжээ.