ГОВЬ-АЛТАЙ: “Эрийн гурван наадам”-ыг сэргээн наадаж байна

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2023-07-31 09:36:07

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадмын хүрээнд “Эрийн гурван наадам”-ыг сэргээн долоодугаар сарын 30-нд нээлээ.


Хан Тайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд эртнээс уламжилж ирсэн “Эрийн гурван наадам”-ыг энэ цагт сэргээн зохион байгуулж буй нь энэ юм. Энэ наадмыг үндэсний бөхийн барилдаанаар эхлүүлсэн бол Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар уг наадмын онцлогийг наадамчин олонд таниулах мэдээллийг өгснөөр албан ёсоор нээсэн юм.


Тэрбээр “Эрхэм наадамчин та бүхэнд Хан Тайшир уулын аймаг байгуулагдсан 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Хан Тайшир уулын аймгийн 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадмын хувьд энэ жил хоёр онцлогтой болж байна. Монголд өмнө нь буюу 100 жилдээ хийгдээгүй, тасарсан баяр наадмыг сэргээн хийж байгаагаараа онцлог юм. Монголчуудын мянга мянган жилийн түүхийг харахад бидний түүхийн давуу тал, ололт амжилт, монголчуудын сэргэн мандлыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголчуудын сүүлийн зуун жилийн хугацаанд мартаж гээсэн уламжлал дунд “Эрийн гурван наадам” буюу эр хүн морио уяж, унаж уралдаж, өөрөө бөхөө барилдаж, нум сумаа харваж цэц мэргэнээ сорьдог уламжлал байсан. Энэ уламжлал мартагдсан байсныг Говь-Алтайчууд Хан Тайшир уулын аймгийнхаа 100 жилийн хүрээнд сэргээн наадаж байна. Монголчуудын омогшил бахархал, зан заншил, уламжлалын охь дээж болсон баяр наадмын үйл ажиллагаанд “Эрийн гурван наадам” цаашид чимэг болж, монгол даяар энэ төрлийн наадам хүрээгээ тэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. 


Энэхүү наадамд Монгол орны өнцөг булан бүрээс 170 гаруй эрчүүд оролцож, ир бяр, ид хаваа үзэж байгаа тухай зохион байгуулагчид мэдээлэв.