Хатгал-Жанхай-Тойлогт болон Хатгал-Ашихайн замын ажлыг урагшлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-08 14:41:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавьж байгаа Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил (Ашихай) чиглэлийн 37,9 км замын ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.


Гүйцэтгэгч компани товлосон хугацаанд замын ажлаа хийгээгүй тул асуудлыг шуурхай шийдэхээр хуралдлаа. Төслийн нэгжийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын компанид байнга шаардлага тавьж байгаа ч замын гүйцэтгэлийн ажил хоёр сараар хоцорч хугацаа алдсаныг тайлбарлажээ.


Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан компани хариуцалгүй хандсанаар улирлын чанартай ажилд хугацаа алдаж, удаа дараа сануулж, мэдэгдэл хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй тул гэрээг өөрчлөх, шаардлагатай бол цуцлахыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болголоо.

Шуурхай ажлын хэсэг энэ 7 хоногт Хөвсгөл аймагт ажиллаж, нөхцөл байдлыг үнэлэн, боломжит хувилбараар ажлыг урагшлуулахаар болсныг тус яам мэдээлэв.


Холбоотой мэдээ