Хүүхэд харах дөрвөн төвд 170 гаруй хүүхэд хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Хүүхэд Гэр бүл хөгжлийн хэлтсээс Даланзадгад сумын хүүхэд харах төвүүдэд хяналт хийлээ. Дөрвөн төвд долоон хүүхэд харагч ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 174 хүүхэд байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй 14, хэвийн 160 хүүхэд хамрагдаж байна.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж байгаа, мөн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зорилгоор Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй "Нандинхан", "Говийн-Оргил", "Алаг үрс", "Өнөр" гэсэн дөрвөн хүүхэд харах үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсан байна. Тэд хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн байр тохижилт сайтай, эрүүл монгол хүнсний ногоо, сүү цагаан идээ гэх мэт илчлэг хоол хүнсээр үйлчилж байгааг сайшаалаа. Мөн "Өнөр" төв өөрийн хашаандаа хүнсний ногоо тариалж, зүлэг ногоо тарьж орчноо үлгэр жишээ тохижуулсан нь бусдаасаа содон байжээ.
Нэг хүүхдийн өдөрт идэх хоолны цэсийг 7 хоногоор гаргаж, хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл амталгаа хийдэг ажээ. Мөн төвүүдийн бичиг баримт эмх цэгцтэй, гарсан шийдвэрийн дагуу хийсэн ажил тодорхой байсан нь хүүхэд харах төвүүдийн сайн талууд байлаа. Харин эцэг эхтэй гэрээ байгуулаагүй, хүүхдийн ирц зарим өдөр хангалтгүй, ирцийн бүртгэл дутуу, эцэг эхийн авсан өгсөн гарын үсэг байхгүй, хоолны дээж аваагүй, хүүхдийн тоог хэтрүүлэн авч үйлчилгээ үзүүлэх зэрэг дутагдахтай талууд байжээ.
Хяналт шалгалтын мөрөөр Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах үйлчилгээнүүдэд зөвлөмж хүргүүлээд байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн