ӨМНӨГОВЬ: Үлэмж дархан мэргэн Д.Басхүү агсны хашлага, сум тэргүүтнийг орон нутгийн музейд хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-08-30 12:43:49

Даланзадгад /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Д.Басхүү агсны хэрэглэж байсан шагайн харвааны хашлага, сум тэргүүтнийг Өмнөговь аймгийн Байгаль түүхийн музейн сан хөмрөгт хандивлалаа.

 

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах баг дахь Ханбогд жуулчны баазад 2023 оны 8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулсан “Гурван Сайханы тойром харваа” шагайн харвааны нээлттэй тэмцээний үеэр Үлэмж дархан мэргэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Должидын Басхүү агсны эдэлж хэрэглэж байсан шагайн харвааны хашлага, сумны хувийн цуглуулга, үлэмж дархан мэргэний өмсөж байсан малгай, 40 гаруй жилийн спортын амжилт, алдар гавьяаны бэлгэ тэмдэг болсон одон медаль, цол чимгүүд, гэрэл зургуудын үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн юм.


Ийнхүү нээлттэй тэмцээний сүүлийн өдөр Д.Басхүү агсны ач хүү Г.Баатархүү, охин Б.Дэлгэрцэцэг нар орон нутгийн музейд шагайн харвааны хашлага, сум тэргүүтнийг нь хандивласан бол Үлэмж дархан мэргэний залаа, тэмдэг бүхий малгай, одон медалиуд, хашлага сумны цуглуулгыг аймгийн “Говь Гурвансайханы мэргэчүүд” шагайн харвааны холбооны тэргүүн Ч.Буянжаргалд хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. 


Холбоотой мэдээ