Амралтын газрыг гэрээгээр эзэмшүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-16 10:01:07

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байдаг “Толийн булаг” амралтын газрын рашаан ус нь дотор эрхтний бүх өвчинд нэн сайн гэгддэг.

Дээрх рашаан хүний эрүүл мэндэд тустай болохыг 1980-аад оны үед мэргэжлийн байгууллага, эрдэмтэд судалгаагаараа тогтоосон байдаг бөгөөд эдүгээ  орон нутгийн өмч болсон амралтын газрыг  нутгийн иргэнд гэрээгээр эзэмшүүлж байгаа аж.

Амрах 2 байртай, гал зуух, хоолны заал,халуун устай, зөөврийн дизельтэй. Нэг байрандаа 4 хүн хүлээж авч үйлчилгээ үзүүлэхээс гадна тухайн иргэн орлого зарлагаа өөрөө тооцож  жилдээ орон нутагт 120 мянган төгрөгийн түрээс төлдөг юм байна.

“Урин дулааны цагт “Толийн булаг” амралтын газрыг зорин ирэх аялагч жуулчдын тоо эрс нэмэгддэг. Бид тухайн иргэнтэй гэрээ хийхдээ хоёр төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр тусгасан. Энэ нь зуны цагт гэр цэцэрлэг ажиллуулах, мөн сульдаатай хүүхдүүдийг асрах үйлчилгээ” гэж сумын Засаг дарга Н.Отгонбаяр ярив.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ