Олимпийн медальт тамирчнаа ёслол төгөлдөр хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-16 10:11:54

Бразил Улсын Рио-Де-Жанейро хотод болсон пара олимпийн зуны XV наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд хүч үзэж хүрэл медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Б.Ууганхүүг уугуул нутаг Дорноговь аймгийнхан нь ёслол төгөлдөр хүлээн авахаар болжээ.

Түүнийг аравдугаар сарын 02-нд Сайншанд хотын төв талбайд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, тус аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин ЗДТГ-ын албан хаагчид болон ард иргэд хүлээн авч хүндэтгэл үзүүлэх аж.

Б.Ууганхүү 1991 онд Сайншанд хотод төрсөн бөгөөд самбо бөхийн дэлхийн хошой мөнгөн медальт, 1980 оны Москвагийн олимпийн жүдо бөхийн шагналт тавдугаар байрын эзэн, ахмад тамирчин Я.Доржийн анхны шавь.

Тэрээр паралимпийн Монголын хоёр дахь медалийг эх орондоо авчирсан бөгөөд Дорноговь аймгаас төрсөн анхны олимпийн медальтан болж түүхэнд бичигдэж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ