Тундрын монгол эрдэмтэн

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-09-07 16:20:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Якутад түүнийг танихгүй хүн бараг үгүй. Төвөдөд уламжлалт анагаах ухааны боловсрол эзэмшиж, түүнийгээ орчин үеийн европ анагаах ухаантай хослуулан, энэ салбартаа амжилт олсон хүн. Якутын хөдөө аж ахуйн академид суралцаж төгсөөд, тэндээ эрдэм судлалын ажил хийж, ан амьтан, өвс ургамлын ид шидийг хүмүүсийн сайн сайханд хүргэхийн төлөөх үйлсэд өөрийгөө зориулж яваа түүнийг Буджавын Баасансүрэн гэдэг. Доктор Б.Баасансүрэн тундрын 60, 70 хэмийн хүйтнийг ажралгүй ажиллаж амьдрахдаа цаа бугын бие эрхтэн, түүхий эдийг өвс ургамалтай найруулж, эмийн бэлдмэл гарган авах аргыг онцгойлон судалсан эрдэмтэн.  

 

Хойд туйлын зэрлэг цаа бугын биеийн бүтэц, эрхтэнийг судалж, шинэ эм эмийн бэлдмэл бий болгон эмчилгээндээ ашиглаад зогсохгүй, чөмөг хөрөх өвчний улмаас хүүхэд олж, тээж төрүүлэх боломжгүй гэгдэж байсан хүмүүсийг эмчилдгээрээ алдаршсан. Энэ эрдэм чадварыг нь үнэлж, ОХУ-ын хөдөө аж ахуйн академийн Алс Дорнодын доктор, профессор цолыг олгожээ. 2016 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Цаа бугын эврийг Монгол шар тостой хольж, төөнө хийх шинжлэх ухааны үндэслэл, цусан эврийн ургалтыг орооны булчирхайн бүтэц үүрэгтэй холбон судалж энэ сэдвээрээ анагаах ухааны боловсролын докторын зэрэг хамгаалсан. Хүйснээс доош байрлалтай хий хүйтний угшилтай өвчнийг эмчлэхэд маш сайн үр дүнтэй болохыг тэр нотолж чадсан аж. Энэ мэтээр түүний гавьяаг тоочвол их. Тэрбээр шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажилласан, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсад Монгол Улсын ШУА-ийн төлөөлөгчөөр томилогдон 30 жил ажиллаж байна. Түүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.


-Таны үүх түүх их сонирхол татдаг. Балчир нялхдаа олон бэрхийг үзэж, Төвөд, Монголын хооронд ирж очсон түүх, анагаах эрдэмд суралцсан зам түүхээсээ дурсаач...

-Миний уг удам судар бол Баянхонгор аймгийн Ламын гэгээнтэй холбогддог юм. Гэндэн хувилгаан гэж миний өвөө тухайн үедээ Төвөдөд Далай ламд ном зааж байсан хүн гэдэг. Би өөрөө Архангай аймгийн Ихтамир сумын уугуул. Нялх бага насандаа аав, ээжээсээ хагацаж их л юм туулсан хүн дээ би. Ижий минь намайг нэг настайд бурхан болсон юм. Аав минь Төвөдөд гарч яваад, 1960-аад оны Хятадын соёлын хувьсгалын үеэр өөд болсон. Би Гомбожав Номч мэргэнээр анх ном заалгасан. Ингээд 1952 онд дөрөвхөн настайдаа Төвөд рүү гарч өвөө рүүгээ очоод, тэнд далай багшийн дэргэд ном үзсэн. Шашны сургуулийг Дорно дахины анагаах ухааны оточ маарамбын чиглэлээр суралцан дүүргэсэн юм.


Хятадын улаан хамгаалагчдын үед олон лам хувраг үрэгдэхэд буянтай хүмүүс намайг үрэгдсэн гэж нууж хааж амьд авч үлдсэн юм билээ. Далай багшийн дэргэдэх нэг буянтан намайг ууланд бүгүүлж хэдэн сар болгосон юм. Ингээд 1964 оны их зуд, хүчтэй шуурганаар Монголоос олон тэмээ уруудаж Хятад руу гарсныг буцааж авчрахад мөн л нэгэн ачтан намайг Монголоос ирсэн малын эрэлчдийг дагуулж эх оронд минь ирүүлж байв. Ирээд Цэргийн төв эмнэлгийн моорогт ажиллаж байхдаа сургуульд оройгоор суралцан кирилл бичиг заалгасан. Хуучин монгол бичиг, хятад, төвөд хэлийг өмнө нь сурсан. Төвөдөд уул хадаар их явдаг байсан би яваандаа биеийн тамир, спортоор хичээллэж, дугуйн спортын тамирчин, биеийн тамирын багш хүртэл хийж байв. Дараа нь УБДС-д орж онц сурсан учир 1980 онд тухайн үеийн нэршлээр ЗХУ-д оюутны отрядад ажиллах эрхээр шагнууллаа. Ингэж Оросын хилийг анх давж, орос хэлтэй болж байсан юм. УБДС-ийг дүүргээд, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн дэргэдэх сургууль, орос сургуульд багшилж байхдаа толгойн өвчтэй хүмүүсийг бариагаар эмчлэх, гажсан ураг илж засах гээд отчийнхоо ажлыг хийсээр л явсан. Ардын эмнэлгийн Хайдав багш болон бусад оточтой нийлж Монголын уламжлалт анагаах ухааныг сэргээхэд хувь нэмэр оруулж, оточ маарамбын ажлыг олон жил хийсэн. Ерөөс би Цэргийн төв эмнэлгийн моорогт ажиллаж байхдаа л хүний анотомийг судалсан гэж хэлж болно. Цэргүүдийн гар, хөл, тархины гэмтэл засах гэх мэтээр ил далд оточийн ажил хийж, бас шалгагдаж ч явсан үе бий.


-Багш, оточ хүн яаж яваад цаа судлалын мөр хөөх болсон юм бол. Бүр хаа холын тундрт очих зам хэдийнээс нээгдсэн юм бэ?

-Энэ дэлхийд анх хүн, цаа, нохой гурав бий болсон гэдэг. Цаа судлах ажил угаас миний хувь заяаных л байж. 1991 онд ОХУ руу Далай багшид бараа болж явж байв. Далай багшийн ивээлээр ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгчийн зөвлөлөөр орж Тундрт очиж цаа буга, ургамал, ан амьтан, байгаль судлахаар болсон. Түүнээс хойш Хойт тундрын монгол эрдэмтэн, судлаач нэрээр өдий хүртэл ажиллаж байна. Цаа бугын орооны булчирхайг нарийвчлан судалж, цаа бугын морфологийн анатомийн атлас, физиологи зэргийг судалж, 30 жил ном бичлээ. Тундрт очоод эхний долоо, найман жил зэрэг цол хамгаалах гэж судалгаа шинжилгээний ажилдаа махарч зүтгээд, Монголдоо ирэлгүй сураг алдрахад хамт ажиллаж байсан таньж мэдэх хүмүүс “Тундрт очоод хөлдөж үхсэн гэнэ” гэсэн чимээ сонсож байсныг хожим мэдэж байлаа шүү дээ.


-Монголдоо, Хөвсгөлдөө цаа судлаад амьдарч болоогүй гэж үү. Яагаад заавал тундрт өдий олон жил суурьшчихав. Мөн монгол цааны цусыг сайжруулах тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Яг үнэндээ би Якут руу лаборатори, багаж төхөөрөмж, уншиж судлах бүтээл ном, бусад материаллаг боломжийг нь л хараад явчихсан гэж хэлж болно. Тэгээд ч монгол хүн 40 гарсан насандаа туйлын хүйтэнд дасаж амьдарч чаддаг гэдгийг үр хойчдоо мэдүүлж байгаа нэг хэрэг юм болов уу гэсэн бодол надад бас байдаг юм. Ер нь монгол эрдэмтэд хойшоо явж байсан түүх бүр XIII зууны үеэс л эхтэй байдаг юм билээ.

Надад Якутын ШУА-аас 2008 онд монгол цааныхаа цусыг сэлбэ гэж шилмэл сүргээсээ 21 цаа буга өгсөн. Якутын цаа бол Оросын улаан номд орсон, маш эрүүл, зэрлэг цаа байдаг. Якутууд гаднынханд байтугай дотооддоо ч, Тувад ч сайн цаагаа өгдөггүй, гуравдугаар зэргийн цаа өгдөг юм. Ингээд би Москвагаас зөвшөөрөл авч, цаануудыг хилийн орчим хүргэж ирээд, бас бус шалтгааны улмаас гурван сар хүлээж, эцэст нь аргагүйн эрхэнд буцааж аваад явсан л даа. Цаан дунд уг нь хээлтэй 10 мянд ирсэн юм. Тэд нь хариугүй төллөх гээд, цаг дулаараад цаа аюулд орох гээд, Монголд цаа оруулах асуудлыг, санхүүгийн болон бусад хэргийг шийдэхгүй хүлээлгээд байсан учир арга буюу хилийн цаанаас буцаж байсан нэг гашуун түүх бий.  Эргээд цаагаа аваад очиход нүүр халуун л байсан. Гэвч би хамаг алдааг өөр дээрээ тохоод, өөрийнхөө буруу юм шигээр Якутын талд ойлгуулж байв.


-Цаа бугын бүхий л эд эрхтэн эм байдаг гэж та ярьдаг. Цааны орооны булчирхайг шинжлэх ухааны нууц жор, гайхалтай бэлдмэл болгож чадсан хүн бол Та. Дорнын анагаах ухааныг өрнөдийн анагаах ухаантай зохируулан увдис шидийг нь олон хүнд хүргэж тусалж яваа. Энэ эрдмээ өвлүүлэх шавь бэлдэж байна уу?

-Цааны орооны булчирхайн бэлдмэлийн маань увдисаар хүүхэд гардаггүй хүмүүс хүсэл нь биелж үр хүүхэдтэй болсон тохиолдол маш олон. Олон жил тасралтгүй, уйгагүй шинжлэн судалж байж цааны нууцад хүрч, нэлээд юмс мэдэж олж чадлаа. Мөн анагаан эмчлэх зүйл бүрийн жор эрдэмд өдий олон жил шамдаж, бусдад буян тус хүргэхийн төлөө цагийн цагт хичээж ирсэн байна. Үнэндээ энэ мэдсэн сурсан эрдэм, олсон харсан нууцаа Монголдоо л өмч болгон үлдээх чинхүү хүсэл байна. Хойчийн Монголд минь маш чухал зүйл учраас сайн шавь нартаа өвлүүлэх бодол байлгүй яахав.

Монголын болон Якутын цаа бугын иддэг бэлчээрийн ургамлыг нарийн судалсан. Цаа бугын байдаг орчин тойрны ус, газрын хөрс, ургамал, ой мод, байгалийн байдлыг олон жил их ч сайн үзэж судаллаа. Эмийн ургамлыг ямар үед түүх, өдөр шөнийн алинд нь авах, уулын арынх нь уу, өврийнх нь үү, хэзээ яаж хатаах, аль насанд ямар ургамал нь тохирдог гэх мэт урт удаан хугацаанд сурсан мэдсэн зүйлсээ монголчууддаа үлдээх зорилгоор ном бүтээл ч олныг туурвилаа.

Би монгол хүн гэдгээрээ үргэлж бахархаж, толгой өөдөө явдаг хүн. Тиймдээ ч өдий хүртэл би ОХУ-ын иргэн болоогүй. Монголчуудынхаа эрдмийн нарийн нууц, эх орныхоо уламжлалт анагаах ухааны нууцыг алдалгүй чанд сахин хамгаалж явдаг. Одоо амьдралынхаа үлдсэн хугацааг эх орондоо зориулж, чадах бүхнээ өвлүүлж үлдээх хүсэлтэй явна. Би бол Монголоо гэсэн сэтгэлтэй, Төвөдийн маш хатуу дэг сургуультай хүн. Якутад амьдарсан энэ он жилүүдэд Монголын маань ардын эмнэлгийн нөгөө мундаг эрдэмтэн багш нар цөм бурхан боллоо. Тэднийхээ үйлс, эрдмийг залгаж, залгуулж явах нь миний үүрэг юм уу даа.

 

Тэрбээр, “Саха Якутын хөдөө аж ахуйн академи, Амманасовын нэрэмжит Хойт Дорнодын холбооны Анагаах ухааны их сургууль, түүний эрдэм судлал, эмчилгээний бүхий л ажилд дэм түшиг болдог” хэмээн ярьсан.

Саха төдийгүй Алс Дорнодын олон улс, Европын улсуудад нэр хүндтэй түүнийг  Якут, Буриад, Оросууд бүгд Сүрэн доктор гэцгээнэ. Сүрэн доктор Якутад бараг л бүх эмнэлэг, сувилалд эмчилгээний өрөөтэй, хэрэг зориг болгон ирдэг үйлчлүүлэгчидтэй. Түүнийг Хойт Дорнодын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэж чадсан хүн хэмээн анагаахын салбарын эрдэмтэд нь үнэлдэг юм билээ. Тэрбээр цаа бугын хамрын хөндийн болон сүүлний угийн орооны булчирхай, хойд хөлний бэлбэрхийд байрлах орооны булчирхайг судалж, тэдгээрийн макро-микро бүтцийг тогтоосон нь шинжлэх ухаанд шинэ бүтээл болсон. Эдгээр булчирхайн шүүрлийн химийн найрлага цусан эврийн ургалтыг хурдасгахад хэрхэн нөлөөлж буйг судалсан. Саха Якутын эрүүл мэндийн тэргүүний ажилтан, 2003 онд ОХУ-ын уламжлалт анагаах ухааны алтан гарт мастерын медаль, уламжлалт анагаах ухааны ардын оточ эмч гэсэн алдраас өгсүүлээд ОХУ-ын уламжлалт анагаах ухааны гавьяат зүтгэлтэн, Дэлхийн ард түмэнд зүрх сэтгэлээ зориулсан “Алтан гарт эрдэмтэн доктор” цом зэрэг олон одон медалиар шагнуулсан алдартан.

Доктор Баасансүрэн 2012 онд Европын бизнесийн нийгэмлэг сократын хорооны “21 дүгээр зууны дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр шалгарч, 21-р зууны дэлхийн гарамгай эрдэмтдийн бүртгэлд нэрээ бичүүлсэн юм. Доктор Баасансүрэн 2014 онд Олон улсын хүний эрхийг хамгаалах хорооны “2013 оны хүн” цол тэмдгээр өргөмжлөгдсөн. Дэлхийн оны хүнээр тодруулсан гол утга нь “13 дугаар зуунаас уламжлагдаж ирсэн дэлхийн уламжлалт анагаах ухааны арга ухааныг өдий 21 дүгээр зуун хүртэл хадгалан уламжилж, түүгээрээ үр хүүхэд төрүүлж чадахгүй өвчтэй хүмүүсийг эмчлэн эдгээж, үр хүүхэдтэй болгосон буянт үйлсийг нь онцолсон” гэж тодотгожээ. 




Холбоотой мэдээ