ӨМНӨГОВЬ: Хулгайн антай тэмцэх хамтарсан болон хөдөлгөөнт багуудыг чадавхжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-19 08:36:32

Даланзадгад /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн 11 сумын байгаль хамгаалагчид болон мэргэжилтнүүдэд смарт мобайл апп бүхий зөөврийн утас ашиглан, хулгайн антай тэмцэх хамтарсан болон хөдөлгөөнт багуудыг чадавхжуулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.


 

Тус сургалтыг есдүгээр сарын 15-16-ны өдөр зохион байгуулсан бөгөөд WCS буюу Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ажилтан Антони Лайнам тэргүүтэй ажлын баг удирдан ажиллалаа

 

Сургалтыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Оюутолгой” ХХК-ийн дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд WCS буюу Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Хулгайн антай тэмцэх төслийн хүрээнд хамтарсан болон хөдөлгөөнт багуудыг чадавхжуулах сургалтыг 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж байна.

 



Энэ жил Номгон, Баян-Овоо, Манлай, Ханбогд зэрэг төслийн багуудын нийт 12 гишүүн шинээр нэмэгдэж, Баяндалай, Булган, Сэврэй, Мандал-Овоо, Хүрмэн, Ханхонгор, Цогт-Овоо сумын 21 гишүүнийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.


 Зэрлэг ан амьтдаа хамгаалахын тулд газар нутгийг нь нэн тэргүүнд хамгаалах  шаардлагатай.


Ийнхүү байгаль хамгаалагчдыг чадавхжуулан техник хэрэгслээр ханган хулгайн антай тэмцсэний үр дүнд амьтдын тоо толгой өсөж байгаа бөгөөд смарт мобайл апп бүхий зөөврийн утас ашиглах хяналтын энэхүү системийг дэлхийн 60 гаруй улсад 30-аад хэлээр хөрвүүлэн ашигладаг байна. 

Холбоотой мэдээ