Монгол Улс, Финланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг Хельсинки хотноо тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-22 09:30:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Элчин сайдын яамнаас “XX зууны эхэн үеийн Монгол орон Рамстедтийн гэрэл зурагт” гэрэл зургийн үзэсгэлэнг Хельсинки хотноо нээлээ.


Үзэсгэлэнг Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад хавсран суугаа Элчин сайд Т.Жанабазар, Финландын Гадаад хэргийн яамны Америк, Азийн газрын орлогч Ерөнхий захирал ноён Иуха Ниеми нар нээж үг хэлэв. Энэ үеэр монгол болон финланд уран бүтээлчид морин хуур, хөөмий, исгэрээ, магтаал, ардын дуу зэрэг монголын язгуур урлагийн үзүүлбэрүүдийг толилуулжээ.


Финланд Улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс бөгөөд хоёр улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлд суурилсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж байна.


Үзэсгэлэнгийн нээлтэд Финландын парламент, гадаад хэргийн яам болон бусад төр, загийн байгууллагууд, Хельсинки дэх Дипломат корпус, Монгол, Финландын найрамдлын нийгэмлэг, бизнес, иргэнийн нийгмийн байгууллагууд, Финландад оршин суугаа монгол иргэдийн төлөөллүүд оролцов.

 

Холбоотой мэдээ