АНУ-ын Сенатын танхимын төлөөлөгчид Хятадад айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. 2023 оны аравдугаар сарын 3 /Bloomberg/. АНУ-ын Конгрессын Сенатын танхим дахь хоёр намын төлөөлөгчид ирэх долоо хоногт Хятадад айлчлах гэж байгаа тухай Айдахо муж улсаас Сенатад сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Майк Крейпо мэдээллээ.
"Бидний зорилго бол Америкийн хэд хэдэн өндөр албан тушаалтнуудын нэгэн адил Хятадтай өргөн хүрээний асуудлаар хамтран ажиллах явдал юм. Харилцан хамтын ажиллагаа их байх тусам зөрчлийг шийдвэрлэх боломж, бололцоо нэмэгдэнэ гэдэгт бид итгэж байна" гэж тэрбээр хэлэв.
Хятадад айлчлах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер /Нью-Йорк муж улсаас сонгогдсон/ мөн багтана. Айлчлалын үеэр Америкийн технологийн компаниудын Хятад дахь үйл ажиллагаа зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Ч.Шумер Micron Technology компанийн Хятадад бизнес эрхлэх боломжийн талаар ярилцах бодолтой байгаа гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд “Bloomberg” агентлагт мэдээлсэн байна.
Хууль тогтоогчид мөн Шанхай хот дахь Америкийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, АНУ-ын компаниудын "хөрөнгө оруулалтын орчны" талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Micron нь бичил процессор үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компаниудын нэг юм. Тавдугаар сард Хятадын эрх баригчид мэдээллийн дэд бүтцийн чухал байгууламжуудтай холбоотой байгууллагуудад тус компанийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авахыг хориглосон билээ. Micron-ы үйл ажиллагаа нь “үндэсний кибер аюулгүй байдалд заналхийлж байна” гэдгийг тогтоосон гэж Хятадын тал мэдэгдсэн бол АНУ-ын эрх баригчид энэ арга хэмжээг "үндэслэлгүй" гэж үзэж байгаа юм.