Соёлын өв, дурсгалт зүйлийг хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-26 12:16:31

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газар энэ оны эхний 10 сард нийт 1578 зөрчил илрүүлснээс 32 нь гэмт хэргийн шинжтэй байсныг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.


ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд, Хяналтын нэгдсэн төвийн дарга Ц.Хатанболд нар Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэрэг зөрчлөөс танилцуулсан юм.


Тодруулбал, өнгөрсөн 10 сарын хугацаанд 17 удаагийн үйлдлээр таван нэр төрлийн 2630 хүн тун мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хоёр удаагийн үйлдлээр 4591 грамм буюу 4.6 кг алтан гулдмайг хилээр хууль бусаар гаргах гэж байсныг таслан зогсоосон байна.


Мөн зургаан удаагийн үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйлийг улсын хилээр гаргах гэж байсныг илрүүлэн, таслан зогсоожээ. Нэг удаагийн үйлдлээр 375 кг химийн бодисыг гаальд мэдүүлэхгүйгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхээр завдсаныг гаалийн хяналт шалгалтын явцад хууль сахиулах байгууллагууд хамтран илрүүлээд шалгаж байгаа аж. 


Түүнчлэн, ОХУ-тай хил залгаа 10, БНХАУ-тай хил залгаа 13, агаарын нэг гээд нийт 24 боомт болон гаалийн 160 орчим хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер бүхий теле хяналтын нэгдсэн системээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллж байгааг Ж.Эрдэнэболд тэмдэглэж байлаа. 

Холбоотой мэдээ