"Говийн гайхамшигт 6" амжилттай зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-21 12:39:44

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар “Говийн гайхамшигт 6” арга хэмжээ зохион явуулжээ. Тус арга хэмжээ Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт болон тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийн хүчин чармайлтыг нэгтгэх хамтын ажлын хөрс суурийг бэлдэх зорилготой аж.

Энэхүү арга хэмжээнд Баянхонгор аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Бат-Оргил, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд, БОАЖГ-ын аялал жуулчлалын бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Содномсамдан нар оролцож аймгийн болон бусад аймгуудтайгаа хамтран хийж хэрэгжүүлэх ажлуудыг санал болгон тавьжээ. Арга хэмжээний үеэр Тахийн талын тунхаг бичгийг санал нэгтэй баталж талууд тус бүрдээ хийх ажлаа төлөвлөсөн байна. “Говийн гайхамшигт 6” нэрийн дор нэгдсэн цогц бодлого явуулснаар говь нутгийн экосистемийг хамгаалах асуудлыг ул суурьтай хөндөж, бодлого, хамтын ажиллагаа, судалгаа, хамгаалал, зохистой ашиглалтын талаар эерэг дүнд хүрнэ хэмээн тооцож байгаа аж.

Сонирхуулахад, Баянхонгор аймгаас явсан төлөөлөл үйл ажиллагааг өндөрлүүлээд буцах замдаа Баянхонгор, Говь-Алтай аймгийн өмнөд говийн чиглэлийн маршрут гаргах ямар боломж байна гэдгийг судлах зорилгоор Говь-Алтай аймгийн Алтай сум-Ээж хайрхан уул байгалийн дурсгалт газар, Баян-Тоорой хамгаалалтын захиргаа түүний мод үржүүлгийн талбай, Говийн зургаан амьтдын тоонд багтах Хулангийн унагыг тэжээж буй үйл ажиллагаатай танилцжээ. Баянтооройн хамгаалалтын захиргааны дарга Г.Довчиндорж манай аймгаас явсан төлөөлөлд Хулангийн унаганд нэр өгөх саналыг тавихад Баянхонгорчуудын шүтээн болсон Номгон хайрхан уулынхаа нэрээр Их говийн дархан газрын А хэсэгт сүрэглэн давхих хулангийн унаганы нэгэнд Номгон хэмээх нэр өгчээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ