Уналтад орсон Хятадын хөрөнгийн зах зээлд жижиг хувьцааны арилжаа нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-01 16:42:01

ШАНХАЙ/ХОНКОНГ, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /Reuters/. Хятадын хөрөнгийн зах зээл энэ жил уналтад орж, гадаадын хөрөнгө оруулагчид гарах гэж яарч байгаа хэдий ч жижиглэн хөрөнгө оруулагчдын арилжаа нэмэгдэж, жижиг хувьцаануудын арилжаа давамгайлж эхэлжээ.

 

Жижиглэн хөрөнгө оруулагчид том хөрөнгө оруулагчдын асар их зах зээлийн урсгалын дагаж арилжаалагддаг, зах зээлийн үнэлгээ багатай жижиг хувьцаануудад хөрөнгө оруулах болсон байна. 


Жишээ нь, хувиараа жижиглэн хувьцааны арилжаа эрхлэгч Жозеф Куи том хөрөнгө оруулагчдын шахалтад бараг ордоггүй зах зээлийн хэсгийг сонгож, хиймэл оюун ухааны (AI) компаниудын жижиг хувьцааг худалдаж авснаар 2 сая юанийн (273 347 ам.доллар) хөрөнгө оруулалтаа 20 хувийн өгөөжтэй болгож чаджээ.

 

"Том капиталын хувьд энэ бол хэцүү орчин боловч богино хугацааны мөнгөөр тоглоход хялбар" гэж Ж.Куи ярилаа.

 

Хятадын эдийн засаг тогтворгүй болж, геополитикийн эрсдэл нэмэгдэхийн сацуу улс орнууд бодлогын хүүгээ өсгөсний нөлөөгөөр хөрөнгийн зах зээл уналттай байгаа энэ үед Ж.Куи шиг жижиглэн хөрөнгө оруулагчдын ийм стратеги онцгойрч байна.

 

Хятадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, тус бүр нь 3 тэрбум юаниас бага зах зээлийн үнэлгээтэй А зэрэглэлийн 400 аж ахуйн нэгжийн хувьцааг харуулдаг "Wind Micro Market Cap" индекс энэ онд 37 хувиар өссөн байна. Харин эсрэгээр CSI300 индекс (CSI300) 8 хувиар буурчээ.

 

Банк, үйлдвэрлэл зэрэг салбарт зах зээлийн томоохон үнэлгээтэй компаниудын хувьд эдийн засгийн хүндрэлийг даван туулж байгаа хөрөнгө оруулалтын сангуудын арилжааны дарамттай тулгарч байгаа бол жижиг хувьцаанууд зах зээлийн мөчлөгөөс үл хамаарч байна.





Холбоотой мэдээ