"Оюу Толгой" ХХК ирэх 10 жилд гүний уурхайн олборлолтоо гурав дахин нэмэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-08 15:27:56

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Оюу Толгой” ХХК ирэх 10 жилд бүрэн хүчин чадалдаа хүрч, гүний уурхайн олборлолтоо гурав дахин нэмнэ. Тодруулбал 2028-2036 онд нэг жилд олборлох зэсийн хэмжээг дунджаар 500 мянган тоннд хүргэх бизнесийн зорилтод хүрэхийн төлөө ажиллаж байна.


Үүнийгээ Төлөөлөн удирдах зөвлөлдөө өнгөрсөн онд танилцуулсан бөгөөд санхүүжилтийг баталснаар 2025 оноос эерэг мөнгөн урсгалтай болоход чухал нөлөөтэйг тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер компанийнхаа энэ оны гуравдугаар улирлын тайланг танилцуулах үеэрээ тэмдэглэлээ.


Гуравдугаар улирлын байдлаар "Оюу Толгой" компани 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж, 127.4 мянган тн баяжмал дахь зэс, 135.6 мянган унц алт үйлдвэрлэжээ. Баяжуулах үйлдвэрийн засвар, хүдрийн дундаж агуулга өндөр байсан зэргээс хамаарч “Оюу Толгой” компани энэ оны гуравдугаар улиралд олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн оны хоёрдугаар улирлынхтай харьцуулахад 16 хувиар өсжээ. Гүний уурхайн босоо амуудын нэвтрэлтийг ахиулж, агааржуулалтын нэвтрэлтийг 780 болон 879 метрт хүргэсэн бөгөөд үүнийгээ 1134 болон 1176 метрт хүргэн, 2024 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Харин хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын ажил одоогоор 75 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Олон улсад нэг тонн хүдэр боловсруулахад дунджаар 1.2 куб метр ус ашигладаг бол “Оюу Толгой” нь 0.55 метр кубээс бага ус ашигладаг зэсийн уурхайнуудын нэг гэдгийг танилцуулгадаа дурдаж байв.


"Оюу Толгой" ХХК энэ оны зургаадугаар сард стратегиа 300 гаруй ажилтны оролцоотой шинэчлэн, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, Рио Тинто группийн зорилтод нийцүүлэн тэргүүлэх дөрвөн чиглэлээ баталжээ. Үүнийгээ хамт олон, хамтын ажиллагаа, хөрст дэлхий, хүртэх өгөөж хэмээн тодорхойлсон байна.


Дэйрдрэ Лингенфэлдер цааш нь ярихдаа, “Оюу Толгой гүний уурхайн үйлдвэрлэлээ өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн. Ил уурхай, гүний уурхайн бүтээн байгуулалтын төслөөс зэсийн цогц бизнес болон өргөжиж, дэлхийн дөрөв дэх гол тоглогч болох замналын сууриа тавилаа. Хамгийн том нь бус хамгийн эерэг өөрчлөлтийг авчрах хамт олон байх нь бидний зорилго. "Оюу Толгой"-н хамт олон, баялаг, тогтвортой түншлэлүүд зэрэг өрсөлдөх чадварт суурилсан шинэчилсэн стратегийг зургаадугаар сард ТУЗ баталсан. Хөгжлийг дэвшлийг хамтдаа бүтээцгээе гэсэн шинэ стратегидаа Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа 2050", "Шинэ сэргэлтийн бодлого" баримт бичиг, "Рио Тинто" компанийн зорилттой нийцэхүйц дэлхийн чиг хандлагыг тусгалаа. Бид шилдэг ажил олгогч болохыг зорьж, хүйс, албан тушаал, арьс өнгөөс үл хамааран анхаарал тавьж, шилдэг ур чадвартай хүмүүсийг татаж, урмыг нь тэтгэж ажилладаг. Дэлхийд үнэлэгдэх хүний нөөцийг бэлтгэж байгаа" гэлээ.


Нийт ажилтны 97.2 хувийг монголчууд, мөн тус компанийн 23.4 хувийг эмэгтэй ажилчид эзэлдэг байна. Ирэх жилүүдэд эмэгтэй ажилчдын тоог 50 хувьд хүргэхээр зорьж байгаа аж. Гуравдугаар улирлын байдлаар 812 ханган нийлүүлэгчэй хамтран ажилласны 704 нь үндэснийх бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 88 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ. Түүнчлэн, тус компани байгаль орчноо хамгаалж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 0 болгох, хамтын ажиллагааны тухайд оролцогч талуудтайгаа харилцан ашигтай байх зорилгын дор нэгдэж, орон нутагт тогтвортой хөгжлийг дэмжиж ажиллахыг зорьдог аж.

Холбоотой мэдээ