ӨМНӨГОВЬ: Гялгар торны хэрэглээг цөөлж, хөрсний бохирдлыг багасгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-10 15:35:18

Даланзадгад, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын хэмжээнд хөрсний бохирдлыг багасгаж, эрүүл орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд “Цэмцгэр Даланзадгад” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо, санаачилгыг нэмэгдүүлэх, хог хаягдлын тухай хуулийг сурталчлах, хог хаягдлын хор нөлөөг ухуулан таниулах ажлыг эрчимжүүллээ.


Тодруулбал, Даланзадгад сумын ЗДТГ-аас санаачлан “Гялгар торноос татгалзъя” аяныг хэрэгжүүлж хог хаягдлыг багасгах, даавуун торны хэрэглээг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байна.



Аян амжилттай хэрэгжсэнээр хотын хог хаягдал багасч, иргэдийн эдийн засагт тодорхой хэмнэлтүүд бий болж, байгальд эерэг нөлөө үзүүлж, хөрсний бохирдол эрс буурна гэж мэргэжилтнүүд үзлээ.   


Даланзадгад сумын ЗДТГ, Орон нутгийн оёдлын
Monline үйлдвэртэй хамтран давуун торыг үйлдвэрлэж Даланзадгад сумын Намуун, Цоглог, Марал, Итгэл, Everyday, Цогжавхлан 2, Хишиг дэлгэрэх, Цогтхан, Буянтговь, Дэлгэрэх зэрэг 10 гаруй супермаркет,  дэлгүүрээр худалдаж байна.




Өмнөговь аймгийн ХХААГ-ын хүнсний хувьсгалын чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагаанд зориулан 50 торыг хийж нийлүүлсэн бөгөөд одоогоор нийт 500 гаруй торыг үйлдвэрлэж, нэг ширхгийг 6500 төгрөгөөр худалдаж байна.

Холбоотой мэдээ