ХӨВСГӨЛ: Мөрөн сум БНСУ-ын Янпён дүүрэгтэй хамтран хөдөө аж ахуйн чиглэлээр оюутан сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-15 11:32:59

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сум гадаад харилцаагаа өргөжүүлэн БНСУ-ын Кёнги аймгийн Янпён дүүрэгтэй нийгмийн бодлого, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж байна.


Энэ хүрээнд Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваагаар тэргүүтэй төлөөлөгчид, ЗДТГ-ын албан хаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн Янпён дүүрэгт айлчилж байна.




Хамтын ажиллагааны хүрээнд гадаад харилцаа хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хөрөнгө оруулалт, нийгмийн

хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, байгальд ээлтэй хөдөө аж ахуйн чиглэлээр газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн  иргэдийг мэргэшүүлэх сургалт, туршлага судлуулахаар болжээ.


Мөн цаашид БНСУ-д ажиллах иргэдийг  зуучлах,  хөдөө аж ахуйн  чиглэлээр оюутан залуусыг сургах зэрэг  зэрэгт хамтран ажиллахаар болжээ.



Кёнги аймгийн Янпён дүүрэг нь 140 мянга гаруй хүн ам, 13 багтай ба Сөүл хотын хэрэглээний усан хангамжийн ихэнх хувийг нийлүүлдгээрээ онцлог ажээ.


Мөрөн сум нь гадаад харилцаагаа өргөжүүлэн  Герман улсын Барут хоттой аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарт, БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт оршдог сая гаруй хүн амтай Дань дун хоттой аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсрол, хот байгуулалт, төлөвлөлт чиглэлээр хамтран ажилладаг ажээ.

 

Холбоотой мэдээ