Д.Кэмерон Украинд гэнэт айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-17 13:02:03

КИЕВ, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /VOA/. Их Британийн Гадаад хэргийн сайдаар саяхан томилогдсон Дэвид Кэмерон Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэхээр пүрэв гарагт Одесса боомт хотод хүрэлцэн иржээ.


Ерөнхий сайд асан тэрбээр Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилогдсоноосоо хойш хийж буй анхны айлчлал нь энэ болж байна. Түүнчлэн Оросын агаарын довтолгоонд байнга өртөж буй тус боомт хотод Их Британийн дипломатч анх удаа ирлээ.


Их Британи улс Украинд шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлсээр байх болно гэж Д.Кэмерон хэлээд, цэргийн дэмжлэгийг зөвхөн энэ онд, ирэх онд үзүүлээд зогсохгүй, хэдий хугацаанд шаардлагатай байна төдий хугацаанд тусламж үзүүлсээр байх болно гэдгийг онцолжээ.


Ойрхи Дорнод дахь Израил-ХАМАС-ын дайнд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж, Европын Холбоо амласан бүх зэвсгээ өгөх боломжгүй болоод байгаагаас гадна АНУ дахь улс төрийн тэмцэл Украинд нэмэлт тусламж үзүүлэхэд саад болж магадгүй байгаа энэ үед Кэмероны айлчлал болж байгаагаараа онцлогтой.


Их Британи улс Украинд 5.7 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлснээр АНУ-ын дараа бичигдэж байгаа бөгөөд Украины 30 мянган цэргийг сургасан байна.


Д.Кэмерон мэдэгдэхдээ "би үүрэгт ажилдаа орсныхоо дараа Ерөнхийлөгч Зеленскийтэй ярилцаж, Их Британи болон бусад түнш орнууд Украиныг ялалтад хүргэхийн тулд шаардлагатай хугацаанд дэмжлэг үзүүлнэ гэдгийг тодорхой хэлсэн” гэлээ.




Холбоотой мэдээ