Өндөр гэгээний бүтээсэн нандин шүтээнүүдийг нэг дор залж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Богд Хааны Ордон музей “Соёлын бүтээлч сар ” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Чойжин ламын сүм музей, цуглуулагч Б.Амарсанаатай хамтран “Хорин нэгэн дара эхийн чуулган-Өндөр богдын өв” “Бурхан багшийн цахиур эрдэнэ” тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Үзэсгэлэнд Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мутраар бүтээсэн Ногоон дара эх, Хорин нэгэн дара эх тэргүүтэн түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүд, Өндөр гэгээний амьдрал өвд холбогдох намтар түүх, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс бүрдсэн 60 гаруй үзмэр дэглэн үзүүлж байна.
Энэхүү үзэсгэлэнд Өндөр гэгээний бүтээсэн нандин шүтээнүүдийг нэг дор залж буйгаас гадна Богд хааны Ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг монголын төдийгүй дэлхийн хосгүй үнэт өв, нандин шүтээн “Бурхан багшийн цахиур эрдэнэ” -ийг хамт дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэнгээс Өндөр гэгээний намтрууд, өөрийнх нь өмсөж байсан жанч буюу дах, навчин малгай, гарынх нь дардас, 12 жилт сандал зэрэг олон бүтээлийг үзэх боломжтой.
Богд хааны музейн захирал Ц.Эрдэнэбаатар хэлэхдээ, “Өндөр богдын өвүүд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу, Баруун хүрээ хийд зэрэг монгол орон даяар сүм хийд, музейд хадгалагдан үлдсэн байдаг. Гандантэгчэнлин хийдэд Богд хааны ордон музейд байсан Очир дара их шүтээн залагдаж байгаа. Мөн таяг, гарын дардас нь бий. Өндөр гэгээнтэй холбогдолтой намтар, өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан өвүүд хувь хүмүүст хадгалагдаж байдаг. Тэдгээр өвийг цуглуулж энэхүү үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд Өндөр гэгээний бүтээлүүдээс гадна дэлхийд долоо найман ширхэг байдаг Бурхан багшийн цахиур эрдэнийг залсан. Бурхан багшийн биеийн үлдэц учраас аливаа буддын шашинд 30-40 хувийн эрдмийг аваад дараагийн төрөлд төрдөг гэж ярьдаг. Ясанд нь түүний 60-70 хувь эрдэм нь үлддэг гэж үздэг. Тиймээс энэхүү цахиур эрдэнэд мөргөнө гэдэг амьд буддагийн 60-70 хувьд мөргөж буй мэт буяныг хураадаг гэж үздэг ийм гайхалтай бүтээлүүдийг үзэсгэлэнд дэглээд байна” гэв.
“Өндөр гэгээний мутрын гайхамшигт хийц, хэрэглэж байсан эд зүйл болон Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг 21 дара эх, Өндөр гэгээний мутрын хийцийн дөрвөн бурханыг Чойжин ламын сүм музейгээс авчран дэлгэж буй энэхүү үзэсгэлэнгээс авшиг энергийг нэг дор хүртэх сайхан боломж гарч байна. Өндөр гэгээний цутгуур гайхамшигтай. Ямар ч гагнаасгүй урласан учраас "нэрмэл цутгуур" гэж нэрлээд байгаа. Биеийн деталь хэсгийг тусад нь хийж гагнасан биш анхнаас нь хээ, чимэглэлтэй нь бүгдийг нь нэг л цутгаснаараа гайхамшигтай. Дундад зууны үеийн хамгийн шилдэг технологи юм. Түүгээрээ гайхагдаж “Азийн Микеланжело” гэж дэлхийн урлаг судлалын оргилууд үздэг юм билээ. Одоогийн урчууд дахин давтаж хийж чадахгүй байгаагаараа нууц юм. Орчин үед зөвхөн уран бүтээлч төдийгүй сэтгэлийн энергийн өндөр түвшинд хүрсэн бясалгагч хүн л ингэж урлана. Түүнд л нууц нь оршиж буй” хэмээн тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Няммягмар тодотгов.
Үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдрөөс энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.
XVII зууны Монголын бурханы шашин, урлаг, соёлын нэрт зүтгэлтэн Занабазар Халхын Түшээт хан Гомбодоржийн хөвгүүн болон 1635 оны “Идэр” хэмээх хөхөгчин модон гахай жилийн намрын адаг сарын 25-нд мэндэлжээ. Түүний дээдэс Хиад ястай боржигон овогтой Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн шууд угсааны язгууртан байв. Занабазарыг 5 настай байхад Төвөдийн Жавзан Дарнатын 16 дахь дүр, Халх Монголын Анхдугаар Богдод өргөмжлөн шарын шашны тэргүүнээр залжээ. Анхдугаар Богд 1649-1651 онд Төвөдийн Уй, Зан, Лхас Зуу-д очиж Далай лам, Банчин Эрдэнэ нараас ном үзэн, авшиг хүртэн Монгол нутагтаа буцан иржээ. Тухайн цаг үед Өндөр гэгээн Занабазар монголын бурханы шашин, улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцож байсан юм. Түүний санаачилга оролцоотой Оросын хаант улстай дипломат харилцаа тогтоохоор хэд хэдэн удаа элч томилон, Сэлэнгэ зэрэг газар нутгийг Оросуудаас хамгаалан үлдэх оролдлого гаргаж байв. Мөн Монгол оронд бурханы шашныг хөгжүүлэхийн тулд хэд хэдэн сүм хийдүүдийг байгуулан, урлагийн олон арван бүтээлүүдийг туурвин, өөрийн дэг сургуулийг буй болгосон юм. Тэрээр халх, ойрадын зөрчилдөөний улмаас 1691 онд Долоннуурт Манж Чин улсыг түших чуулганд оролцсоноор Манж Чин улсад захирагдах болсон билээ. Энэ шийдвэр нь тодорхой цаг хугацааг хожих, хожмын учирч болох их аюулыг гэм хор багатай гэтэлгэх гэсэн далд санаа байсныг түүхийн баримт, түүний амьдрал гэрчилдэг. Өндөр гэгээн Занабазарыг Монголын “Микеланжело” хэмээн Билгүүн номч Б.Ринчен үнэлсэн байдаг. Тэрээр 1686 онд Соёмбо үсгийг зохиож, “Маанийн гүн бүтээх арга”, “Жанлавцогзол” зэрэг зохиол туурвихын зэрэгцээ Ногоон дара эх, Цагаан дара эх, язгуурын 5 бурхан, Очир дара, Аюуш зэрэг бурхдыг бүтээсэн нь хүн төрөлхтний урлагийн түүхэнд хосгүй бүтээл болжээ.








