Элчин сайд Сандра Шуфани Монгол, Канадын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг энэ сарын 17-нд хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс гуравдагч хөрш Канад Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцолж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ жил талууд хамтран тэмдэглэж буйг тэмдэглэв. Мөн сайд Б.Батцэцэг Элчин сайд С.Шуфанид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан явдалд нь баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын ажилд нь амжилт хүсэж, бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд С.Шуфани Монгол, Канадын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.