Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-30 15:29:41

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.


ХЭҮК-ын дарга албан тушаалаасаа чөлөөлүүлэх өргөдлөө ирүүлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Тэрбээр энэ талаар хэлсэн үгэндээ, сүүлийн үед гарсан хүний эрх, хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг УИХ-аас олон удаа авч хэлэлцсэн. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хорооноос хүний эрхтэй холбоотой асуудлаар тодорхой үүрэг чиглэл өгч байсныг тэмдэглээд, ХЭҮК-оос гарч байгаа зөвлөмжүүд заавал биелүүлэх шаардлагатай болсныг онцолсон. Мөн УИХ-аас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг тодотгоод Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчилж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан зэргийг дурдаж байлаа.


УИХ-ын даргад ирүүлсэн уг өргөдөлд “Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургадугаар сарын 17-ны өдрөөс Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэсэн байв.


Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Ганибал, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Д.Ганбат, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ-ын дарга хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар ХЭҮК-т тодорхой сануулга анхааруулга өгч, дараа нь хариуцлага тооцож буй нь сайшаалтай” гэж байв. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа “ХЭҮК хүний эрх хаана зөрчигдөж байна, тэр салбар, байгууллага, албан тушаалтанд санал, зөвлөмж хүргүүлэх үндсэн чиг үүрэгтэй. ХЭҮК-оос Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 22 дугаар илтгэлийг хангалттай зөв, үнэн бодит, судалгаатай гаргасан. Энэ зөвлөмжийн дагуу УИХ шаардлагатай хуулиудыг баталж чадсан. Гэтэл хүний эрхийн зөрчил гаргасан, ХЭҮК-оос өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй Засгийн газрын харьяа байгууллага болон бусад төрийн байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байна” гэсэн санал хэлэв.


Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, “ХЭҮК нь нийгмийн янз бүрийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж, холбогдох шийдвэр гаргах шаардлагатай. Иймд ХЭҮК-ын тухай хуулийг шинэчлэн баталж, тус комиссын санал зөвлөмжийг заавал биелүүлэхээр зохицуулалт хийсэн зэргээр хууль тогтоомжийг сайжруулсан. Гагцхүү манлайлал, хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Иргэний нийгмийн байгууллагаас ч  энэ талаар олон санал, шүүмжлэл ирсэн. Хүний эрхийн Үндэсний Комиссын нийт бүрэлдэхүүнтэй уулзаж, хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хэрэгжүүлэхэд тодорхой ажил хийх, хүний эрхийг хамгаалахад цогц шинэчлэл хийх талаар албан даалгавар өгсөн. Энэ хүрээнд тус комисс хуралдаад даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй гэж үзсэн байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.1.15.-д “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу энэ талаарх  өргөдлийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж, хуралдаанаар дэмжсэн” гэж байлаа.


Ингээд байнгын хорооны саналаар Ж.Хунанг ХЭҮК-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын тогтоолын төслийг батлав.


Холбоотой мэдээ