Иргэд шаардлагад нийцсэн орон сууцаар хангагдах эрхийг хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-01 17:37:42

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Манай улсад иргэдийг орон сууцжуулах, үүнтэй холбоотойгоор газар чөлөөлөх, орон сууцыг дахин төлөвлөх үйл ажиллагаа хууль эрх зүйн нарийн зохицуулалтгүй байна.


Энэ талын үйл ажиллагааг нийслэлийн захиргаа, Засаг даргаас гаргасан хэдхэн тогтоолоор зохицуулж ирсэн нь учир дутагдалтай байгааг Монголын Эмнести интернейшнл байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, хуульч О.Очирбал хэлж байна.  


Тэрбээр иргэд, оршин суугч нар шаардлагад нийцсэн орон сууцтай байх эрх зүйгээр хангагдан, газар чөлөөлөх, орон сууцыг дахин төлөвлөхтэй холбоотой гарч буй зөрчлөөс хамгаалагдах ёстойг өнөөдөр болсон “Хүний эрх ба Хүнд ээлтэй хот” хэлэлцүүлэг уулзалт дээр онцлон хэлсэн юм. Шаардлага хангасан орон байртай байх эрх нь:

  • Эзэмшлийн аюулгүй байдлыг хангах,
  • Үйлчилгээ, материал, дэд бүтцийн хүртээмж,
  • Худалдан авч болохуйц, зохистой орон сууцаар хангагдах,
  • Хүртээмжтэй орон сууц байх,
  • Соёлын хувьд шаардлагад нийцсэн орон сууц байх гэсэн шалгуур үзүүлэлтээр хэмждэгийг хэллээ.

Хэлэлцүүлэгт оролцсон эрх зүйн хөтөч Н.Оюунсүрэн хэлэхдээ, орон сууцны дахин төлөвлөлт дээр иргэд, оршин суугч нарт энэ талын мэдээлэл, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа учир дутагдалтай явж ирснийг мөн онцолж байлаа. Тэрбээр, иргэд, оршин суугч нар дахин төлөвлөлт дээр өөрсдөө орон сууцжуулах төсөл бичиж, нийслэлийн захиргаанд хүсэлт тавин зөвшөөрөл, батламж аван ажиллаж буйг иргэдийн сайн дурын “Баянзүрх” нөхөрлөлийн жишээгээр хэлж байв.


Уулзалтын үеэр эрх зүйч нар “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль”-ийг танилцуулсан юм. Учир нь уг хуульд газар албадан чөлөөлөхтэй холбоотой заалтуудыг тусгажээ.


Ийм хуультай болж буй нь нэг талаар хууль эрх зүйн нарийн зохицуулалтгүй явж ирсэн иргэдийг орон сууцжуулах, үүнтэй холбоотойгоор газар чөлөөлөх, орон сууцыг дахин төлөвлөх үйл ажиллагаа албан ёсны болж байна. Гэхдээ “Газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж буй газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн 65-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан нөхцөлд” хэмээн заасан нь өмнө нь оршин суугчдын 80 хувийн саналыг авсан нөхцөлд газар чөлөөлж, дахин төлөвлөлтийг хийдэг байсан үйл ажиллагааг дордуулах зүйл болж буйг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Б.Баялагмаа хэллээ.


“Хүний эрх ба Хүнд ээлтэй хот” сэдэвт хуульч, эрх зүйч, сэтгүүлчид оролцсон уулзалт хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 10-нд тохиох Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан Монголын Эмнести Интернейшнл байгууллага, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо” эвсэл хамтран зохион байгуулав.  


Холбоотой мэдээ