ТӨВ: Аймгийн 26 сумыг нэгдсэн халаалтын эх үүсвэрт холбожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-04 14:59:55

Зуунмод 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймгийн 26 сум нэгдсэн халаалтын эх үүсвэрт, 27 сум цахилгаан хангамж, холбооны шугам сүлжээнд бүрэн холбожээ.


Аймгийн инженерийн дэд бүтцийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар Төв аймгийн ГХБХБ-ын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Алтансүхээс тодруулахад, "Аймгийн хэмжээнд хот байгуулалтын талаар нэгдсэн төлөвлөгөөний дагуу эрэмбэ дараатайгаар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Төв аймгийн 13 сум хатуу хучилттай авто замтай болж, 6 сум цэвэр усан хангамж ариутгах татуургын сүлжээнд холбогдсон.


Засгийн газрын 2021 оны 161 дүгээр тогтоолоор “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” Төв аймгийн 14 сумын төв, Зуунмод сумын 3 багт хэрэгжихээр төлөвлөснөөс, өнөөдрийн байдлаар 5 суманд төсөл хэрэгжиж эхлээд байна.  


Мөн мэдээ мэдээллээ хүргэх Нэгдсэн цахим системтэй болсон. Ингэснээр сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон газар зохион байгуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний уялдаа холбоо сайжирч иргэдэд мэдээлэл, төрийн үйлчилгээг хүргэхэд илүү давуу талтай боллоо” гэв.


“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл нь үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох ялангуяа инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх, шинээр барих, сумын иргэдэд нийтийн аж ахуйн үйлчилгээг иж бүрнээр хүргэх, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангах, төвлөрлийг сааруулах зорилготой аж.  Тус төсөл 19 аймгийн 59 сумын төвд хэрэгжинэ. 


Холбоотой мэдээ