ӨМНӨГОВЬ: Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-05 14:58:20

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2024 онд боловсролын салбартаа 62,4 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.


Аймгийн боловсролын салбар төрийн өмчийн 31 цэцэрлэг, 22 сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн боловсролын төв, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургууль, Насан туршийн боловсролын төв зэрэг 58 байгууллагын 23991 суралцагч, 1072 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан цэцэрлэг, гурван сургуулийг нэмж барихаар төлөвлөжээ.




Тодруулбал, Гурвансайхан хорооллын 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулах, Даланзадгад сумын Нисэх, Нанзад, Оюут хороололд дөрвөн цэцэрлэг шинээр нэмж барих, Даланзадгад сумын нэгдүгээр сургуулийн 390 хүүхдийн бага сургуулийн өргөтгөлийн барилга, хоёрдугаар сургуульд номын сангийн өргөтгөл, Баяндалай сумын сургуулийн хоолны газрын өргөтгөлийн барилга, Гурвантэс сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг шинээр барих, Цогтцэций сумын 960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг үргэлжлүүлэх, Баян-Овоо сумыг 100 хүүхдийн цэцэрлэг шинээр барих ажлуудыг тус тус хийж хэрэгжүүлэхээр болжээ.

 


Боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх, ирээдүйн хөгжил, хамгаалагдах, хамтдаа суралцах боломжийг нэмэгдүүлэх, тэгш оролцоо боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ