ХОВД: Зарим суманд цахилгаан эрчим хүч тасалджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-07 15:14:40

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ихэнх сумын нутагт өнөөдөр хүчтэй салхи шуургатай байна.

 

Зэрэг сумын нутагт салхины хурд 43 метр секунд буюу аюулын түвшинд хүрчээ.   


Шуурганд Зэрэг, Чандмань сумын есөн иргэн төөрснийг мэргэжлийн байгууллага эсэн мэнд олж, гэр бүл болон эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.   

 

Үүнээс гадна дээрх сумдад 20 орчим айлын гэр нурсан. Мөн өндөр хүчдэлийн гурван шон унаж Манхан, Зэрэг, Цэцэг сум, Хөшөөтийн уурхай чиглэлд цахилгаан эрчим хүч тасалджээ.   

 

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, Дарви, Манхан сумын авто замын хяналтын цэгт 23 тээврийн хэрэгсэл, 130 орчим иргэний зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.  

 


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдав. Засвар үйлчилгээг шуурхай хийж, цахилгаан тасалдсан сумдыг энэ сарын 8-ны өдрийн дотор эрчим хүчээр хэвийн хангах, хөдөөгийн сумдаас судалгаа авч шатахууны нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлийг мэргэжлийн байгууллагад өглөө.  

 

Холбоотой мэдээ